Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэцэрлэгийн бүртгэлийг гурван үе шаттайгаар явуулна

Ангилал
Төрийн үйлчилгээ
Огноо
Унших
3 минут 27 секунд

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явцын талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “ Эхний нэгдүгээр шатны бүртгэлийг наймдугаар сарын 10-24-ний өдрүүдэд зохион байгуулсан. Энэ хугацаанд эцэг эхчүүд “E-Mongolia” систем ашиглан 111539 хүүхдийг цэцэрлэгт хамруулах хүсэлтээ илгээсэн байна. Бүртгүүлсэн хүүхдүүдийг хаана, аль цэцэрлэгт хамруулах хуваарийг гаргаж байгаа. Дараагийн буюу хоёрдугаар шатны бүртгэлийг есдүгээр сарын 24 хүртэл зарлана. Эхний бүртгэл хаяг бүртгэлийн зөрчилтэй, баримт материал дутуу байснаас бүртгүүлж амжаагүй хүүхдийг энэ хугацаанд бүртгүүлэх боломжтой. Гурав дахь шатны бүртгэл аравдугаар сард явагдаж, энэ ондоо багтаан бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжийг олгож буй. Энэхүү бүртгэлтэй холбоотойгоор нийслэлийн иргэдийн бүртгэл мэдээлэл давхар цэгцэрч байгаа гэсэн юм" гэлээ.

470 ТУСЛАХ БАГШ, 386 БҮЛГИЙН БАГШИЙГ БЭЛТГЭЭД БАЙНА

Өмнө дурдсан 141 мянга гаруй хүүхдийн 106 538 хүүхэд хамран сургах тойргийн хүрээнд цэцэрлэгт шууд хамрагдаж байна. Харин үлдэж буй хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах ажлыг өнгөрсөн хавраас эхлүүлсэн юм. Тухайлбал, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд сургалтын зориулалтаар байр түрээслэх замаар 9850 хүүхэд, цэцэрлэгийн зориулалтаар барилга байгууламж худалдан авах зарчмаар 2290 хүүхэд, төрийн бус өмчийн цэцэрлэгийн сул орон зайд нэмэлт элсэлт авч 10272 хүүхэд, хувийн цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжин /нэг цэцэрлэг/ 25 хүүхэд, байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн хоёр бүлэгт 50 хүүхэд гэхчлэн нийтдээ 25787 хүүхдийг нэмэлтээр цэцэрлэгт хамруулахаар болжээ. Цаашид 8700 орчим хүүхдийг цэцэрлэгт хамруулах тал бүрийн боломжийг судалж буй ажээ. Цэцэрлэг, цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдийн тоо нэмэгдэж байгаатай уялдуулан БШУЯ болон гурван их дээд сургуультай хамтран 1000 туслах багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна. Эхний ээлжийн 470 туслах багш, 386 бүлгийн багшийг бэлтгэн гаргажээ. Богино хугацаандаа түрээслэх болон худалдан авах байр олдоогүй, шинээр цэцэрлэг барих дэд бүтэцгүй Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн алслагдсан бүсийн цөөн тооны хороонд гэр цэцэрлэг байгуулахаар төлөвлөжээ. Шалны халаалттай хоёр гэр нийлүүлж барих байдлаар хүүхдүүдийг хамруулах юм байна. Цаашдаа гэр цэцэрлэгээс аль болох зайлсхийх бодлого барих хэрэгтэйг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд санууллаа.

Цэцэрлэгийн хүүхдүүдийн хувьд хамран сургах тойргийг ягштал баримтлах бөгөөд ганцхан тухайн цэцэрлэгт ажиллаж буй багш, ажиллагсдын хүүхдийг тойрог хамааралгүй сургах боломжийг л олгож буй гэнэ. Хамран сургах тойргийг Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар тогтоодог бөгөөд тухайн цэцэрлэгт хамрагдах боломжгүй хүүхэд авсан бол хариуцлага тооцохоор тусгажээ.

306 дугаар цэцэрлэг ашиглалтад орлоо
306 дугаар цэцэрлэг ашиглалтад орлоо
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.