Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулсан Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл-2022” цогцолбор тэмцээний хаалтын ёслол өнөөдөр Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болж, шилдгүүдээ тодрууллаа.
Цэрэг-спортын “Дөл-2022” цогцолбор тэмцээнийг 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 3 үе шаттайгаар зохион байгуулж, ерөнхий боловсролын бүх сургууль, мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв, политехникийн коллежийн 1,338 багийн 20 гаруй мянган сурагч, оюутан хамрагдсан байна.
Харин төгсгөлийн шатны тэмцээн наймдугаар сарын 22-27-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болж, 29 багийн 400 гаруй шилдэг тамирчин өрсөлдлөө. Үүнээс нэгдүгээр байрт нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, хоёрдугаар байрт нийслэлийн Чингэлтэй дүүрэг, гуравдугаар байрт Өвөрхангай аймгийн багууд тус тус шалгарчээ.