Монголын хамгийн залуу Ерөнхий сайдаар толгойлуулж буй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас иргэдээс хамгийн их өндөр үнэлгээтэй нь БСШУЯ. Гүнзгийрүүлсэн сургалттайгаараа дөвийлгөн авлигад идэгдсэн сургууль, МСҮТ-ээр голоо зогсоосон хэсэг бүлэг хүний увайгүй үйлдэл, сурах хүслээр нь дэгээдэн чанаргүй боловсрол олгогч их, дээд сургууль гээд салбарт бугшсан идээ бээрийг даацтайхан шиг цэвэрлэж буй Л.Энх-амгалан сайд “браво”. Энэ хүний дайтай хэдэн хүн сайдаар тавиал салбар бүр хөл дээрээ босч, Монгол Улс хөгжлийн манлай болно доо гэх иргэдийн магтаал хөвөрнө.
Гэвч сайны хажуугаар саар гэгчээр бодлого тодорхойлдог яаманд нэг дутагдал байна аа. Бүхэл бүтэн улсын боловсролын бодлого тодорхойлдог яам аль өнгөрсөн таван жилийн өмнөх судалгааг баримтлан ярьж, мэргэжилтнүүддээ заавар зөвлөгөө өгч байх юм. Өөрөөр хэлбэл, яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн өнгөрсөн долоо хоногт боловсролын сургалтын байгууллагын хүүхдийн хоол, хүнсний хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх боломж, шийдлийн талаар мэргэжлийнхэнтэйгээ зөвлөлджээ. Цаг үеэ олсон, шийдэх ёстой асуудал. Гол нь, аль 2017 оны Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдлын судалгааны дүгнэлтийг жишээ болгон дурдаж. Таван жилийн өмнөх эл судалгаагаар :
-Бичил тэжээлийн дутагдал /Бага насны хүүхдийн дунд А, Д аминдэм, төмөр, иод дутал өндөр байна/
-Илүүдэл жин ба таргалалт эрс нэмэгдсэн /Бага ангийн 4 сурагч тутмын 1 нь таргалалттай, 5 хүртэлх насны 8 хүүхэд тутмын 1 нь таргалалттай байна/
-Өрхийн хүнсний баталгаат байдал алдагдсан /Нийт өрхийн 65 хувь нь хүнсний баталгаат байдал ямар нэг хэмжээгээр алдагдсан. 14 хувь нь хүнс хүрэлцэхгүй гэж санаа зовнидог/ байна.
Дээрх асуудлыг шийдвэрлэх арга хэмжээний нэг бол сургуулийн үдийн хоолыг хэрэгжүүлэх явдал болохыг зөвлөмжид тусгасан байгаа юм.
Харин өнөөдөр эл судалгааны дүн өнөөдөр өөрчлөгдөж, тоо хэрхэн өөрчлөгдсөнийг таашгүй. Лав л буураагүй гэхэд хилсдэхгүй байх. Өдрөөс өдөрт иргэдийн амьдралын чанар муудаж байгаа болохоор тэр. Гэтэл салбарын бодлогыг хэдэн жилээр нь тодорхойлох учиртай яам холбогдох байгууллагаас нь ойрмогхон жилийнхийг нь нэхэж болмоор. Эсхүл хүүхдийн хоол хүнсний хэрэглээний талаар судалгааны байгууллагаар мөлжүүртэйхэн шиг судалгаа гаргуулаад Үдийн хоолныхоо хөтөлбөрт ашиглаж байвал аштай юу даа.
Бага ангийн сурагчдыг 2021 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн “Үдийн цай”-гаас “Үдийн хоол” хөтөлбөр рүү шилжүүлсэн. Ингэснээр өнгөрсөн хичээлийн жилд 371,480 сурагч үдийн хоолонд хамрагдсан. Эдгээр хүүхдийн хэд нь эрдэс бодисын дутагдалтай, хэд нь илүүдэл жинтэй болохыг мэдэхгүй. Ул суурьтайхан шиг хийсэн бол Үдийн хоолны чанар, хүртээмжинд ахиц гарах байсан ч юм бил үү. Нөгөө л хөрсөн хоол, хүүхэд зажилахад хэцүү томоор хэрчсэн махтай, ногоо, амтгүй усан шөл өглөө гэх гомдол тасрахгүй бол битгий гайхаарай ТНБД-аа.