Шадар сайд С.Амарсайханыг хотын мэр байхад яригдаж эхэлсэн дүүжин тээврийг барина гэсэн сэтгэл өвөрлөсөн бололтой, хотын дарга маань. Толгойн өвчин болсон түгжрэлийг шийдэх нэг гаргалгаа гэж бодсон тэрбээр Франц улсын Засгийн газраас санхүүжүүлттэй хэрэгжих уг төслийн судалгаатай танилцсан гэнэ. Эхний маршрут нь Баянхошуу- Ханын материал-"3,4 хороолол гэсэн чиглэл байсан ч, ирээдүйд үүсч болох төлөвлөлт, барилгажилт гэх зэрэг асуудлаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Зайсан-Дугуй цагаан чиглэлд 6.9 км, эсхүл Сэлбэ гол дагаж Долоон буудлаас төв рүү орж ирсэн чиглэлд дүүжин тээвэр нэвтрүүлье гэсэн саналаа Францын талд уламжилжилжээ. Санхүүжүүлэгч талаас хариу өгөөгүй, санал нэгдээгүй байгаа гэнэ. Харин нээлттэй орхисон 22.5 сая еврогийн өртөг бүхий хоёр дахь чиглэлийн хувьд ТЭЗҮ-г боловсруулаад дууссан, 2023 оны хавраас барилга угсралт хийгээд 2024 онд ашиглалтад оруулна гэж төлөвлөжээ. Гэхдээ өнгөрсөн жил үр ашиггүй хэмээн НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ-ыг татан буулгасан билээ. Тэгэхээр 60 сая ам.долларын зээлийн хэмжээтэй, 40 жилийн хугацаатай уг төслийг хэн хар толгойгоороо хариуцаж, хэрэгжүүлэх вэ, хотын дарга аа.
Эсвэл нийслэл хариуцсан сайдтайгаа хамтран түгжрэлийг багасгах шийдэл гэж үзсэн дүүжин тээврээ барихаар шийдэв үү, бүү мэд.