БНСУ-ын Сэтгүүлчдийн байгууллагын удирдлагууд манай улсад зочиллоо. Тэд манай улсын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтын ажиллагаатай байдаг билээ. Хоёр улсын сэтгүүлчдийн байгууллагын уулзалт хэлэлцээрийн үеэр БНСУ-ын Орон нутгийн сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Жу Юун Жэгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Танай улсын муж хийгээд дүүргийн хэвлэл хэрхэн ажилладаг вэ?
-Манай улсын мужууд болоод тэдгээрийн дүүргүүдэд төрөлжсөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ажилладаг. Цахим болон хэвлэмэл хэлбэрээр мэдээллийг хүргэж байна. Дүүргийн сонин гэхэд л эхний нүүрэндээ тухайн дүүргийнхээ онцлох мэдээллийг хэвлээд арын нүүрнүүддээ улс оронд болсон үйл явдлын талаар нийтэлдэг.
-Санхүүжилтийн хувьд бүрэн бие даасан байдаг уу?
-Мэдээж тэгэлгүй яах вэ. Манай улсад төрийн мэдлийн ганцхан телевиз байдаг бусад нь дан хувийн хэвшлийнх. тэдний үйл ажиллагааг ч чөлөөт зах зээлийнхээ дүрмээр зохицуулагддаг. Өөрөөр хэлбэл, улс төрөөс хараат бус байдлаар үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг. Манай улсад муж тус бүр мөн дүүргүүд өөрсдийн гэсэн чөлөөт хэвлэлтэй. Иргэд ч хэвлэлд ойр байдаг. Мөн орон нутгийн сэтгүүлчид холбооны гишүүнчлэлийн төлбөр төлдөг. Тэр төлбөрийнхөө тодорхой хувиар өөрсдөө эргээд санхүүждэг. Түүнээс хэн нэгэн улстөрч жижиг сайтууд, хэвлэлүүдийг дэмждэггүй.