"Титаник" хөлгийн сүйрсэн хэсэг рүү явсан шумбагч онгоц алга болжээ. Одоогоор аврах багийнхан Атлантын далайн дунд хэсэгт хайж байна.
“Онгоц шумбаад нэг цаг 45 минутын дараа холбоо тасарсан” гэж АНУ-ын эргийн хамгаалалтын алба мэдэгджээ. Тус хөлөг нь таван хүний багтаамжтай “Титан” шумбагч бөгөөд хүчилтөрөгчөөр хангах хугацаа дөрвөн өдөр.
АНУ-ын эргийн хамгаалалтын албаны ахлагч "Одоогоор шумбагч онгоцны хүчилтөрөгчийн үлдэгдэл 70-96 цагийн хугацаанд хүрэлцэнэ гэж бид таамаглаж байна. Агаарын болон шумбагч онгоцоор хайж, дуу авиа мэдрэгч төхөөрөмж ашиглаж байгаа ч ажиллагаа явуулж буй бүс алслагдсан тул хүндрэлтэй байна” хэмээжээ.
Титаникийн сүйрсэн хэсэг нь Ньюфаундленд мужийн Сент Жонсоос өмнө зүгт 700 км зайд оршдог. Аврах ажиллагааг Массачусетс мужийн Бостон хотоос явуулж байна.
Эрэн хайх ажиллагаанд Засгийн газрын агентлагууд, АНУ, Канадын тэнгисийн цэргийн хүчин болон хувийн компаниуд тусалж байгаа аж.