“Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд МУИС-ийн Ойн инженерчлэлийн тэнхим оройн ангидаа бакалаврын зэрэгтэй хүмүүсийг ойн мэргэжлээр сургах хөтөлбөр зарласан. Энэ хүрээнд хэдэн хүн уг хөтөлбөрт хамрагдсан болон цаашид үргэлжлэх эсэх талаар МУИС-ийн Хүрээлэн буй орчны Ойн инженерчлэлийн тэнхимийн багш С.Бямбагэрэлтэй ярилцлаа.
-“Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд МУИС ойн инженерийн оройн анги зарласан. Хэдэн суралцагчтай байна вэ?
-Энэ жилийн анхны ангид хөдөө орон нутаг, Улаанбаатар хотоос гээд нийтдээ 60 гаруй хүн бүртгүүлсэн. Бакалврын зэрэгтэй хүмүүсийг хамруулж байгаа учраас насны хувьд янз бүр. Ойн инженер нь практик дадлагаар мэргэшдэг учраас дадлага хичээлтэй. Танхимаар хичээллэхээс гадна хаврын дадлагад гараад намартаа хөрсөө боловсруулах, мод үржүүлгийн газрын тухай мэдэж авчихаад зун үрээр тарьсан тарьцаа яаж ойжуулалтад шилжүүлэх гэх мэтийг дадлагаар заана гэсэн үг. Үндсэндээ мэргэжлийн үндсэн заавал үзэх ёстой 10 хичээл, нэмэлтээр мэргэшүүлж сонгох 15 хичээл гээд нийтдээ 30 гаруй хичээлийн 75 кредиттэй суралцах юм. Ер нь, шахаад би үзэж чадна гэвэл 1,5-2 жилийн хугацаанд сураад төгсөх боломжтой.
- 60 гаруй хүн элсэн суралцаж байна гэхээр энэ чиглэлийн мэдлэг эрэлт үүссэн байсан байх нь?
-Тийм. Ерөнхийдөө, оройн ангид 25-аас хэтрэхгүй, аймаг болгоноос 1-2 хүн гэж бодож байсан ч олон хүн элссэн шүү. Ажиглахын бол, хөдөө орон нутгаас сурч байгаа нь тэндээ ажилладаг, өөр мэргэжлийнх учраас энэ чиглэлээр сурч цаашдаа ажиллана гэдэг нь олонх нь. Түүнчлэн төмөр зам, уул уурхай, хилийн, батлан хамгаалахад ажилладаг хүмүүс ч байна. Ажлын шаардлагаар нөхөн сэргээлт, ойжуулалт, хамгаалалтын зурвас байгуулж байгаа учраас энэ мэргэжлээр сурвал салбартаа ажиллахаар байна гэсэн хүмүүс ч байна. Одоо бол 20-25 хүнтэй гурван групп анги байгаа. Өмнөговь, Дундговь аймгийн Засаг дарга нар бол манай энэ чигэлээр сурч байгаа оюутанд тэтгэлэг олгоод төгсөнгүүт нь орон нутагтаа ажилд авъя гэдэг хүсэлтээ тавьчихаад байгаа.
-Хэдий оройн анги ч гэсэн цаашид энэ мэргэжлээрээ ажиллах хүмүүст тэтгэлэг бий юу?
-Оройн анги учраас өдрийн ангийн хүүхдүүдийг бодвол тэтгэлэгт хамрагдах нь хумигдмал байдаг. Учир нь, тэтгэлэг залуу хүмүүсийг дэмжих зорилготой. Тэгэхдээ төгсөөд сонгосон тухайн газартаа ажиллана, ажлын байраа олчихвол байгууллага нь төлбөрийг нь төлөөд сургах боломж байгаа. Манай МУИС-ийн хэмжээнд 200 гаруй тэтгэлэг байдаг. Оройн анги гэхгүй энэ тэтгэлгүүдэд хамрагдах боломж ч бий. Оюутан солилцооны хөтөлбөр ч байгаа. Ойн хөтөлбөрөөр МУИС нь дэлхийн олон оронтой хамтын аиллагаатай учраас хэлний ур чадвар сайтай, болзол шалгуур хангавал төсөл хөтөлбөрт явуулах, судалгааны ажилд явуулах гэх мэт боломж олгодог.
-Хөтөлбөр зогссон ч оройн анги байх уу?
-“Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд хүмүүс тэр энэ аманд тэдэн тод тарина гээд амлалт хүмүүс өгөөд байгаа. Энэ үндсэн чиглэл дээр нь хот суурингийн иргэд цэцэрлэг, хашаандаа мод тарих, жимсний мод сонирхолтой байна. Гол нь, бид “Тэрбум мод” хөтөлбөрийг зөв хэрэгжүүлэн мэргэжлийн хүмүүсээ бэлдвэл байгаль экологид маш том өөрчлөлт авчирна. Европод ч гэсэн ийм хөтөлбөр хэрэгжүүлж байсан ч , амжилт олоогүйн шалтгаан нь зөв тарих, арчлах ургуулах. Тийсээс дэлхийд нүүрстөрөгч агаар мандлын утаа хорт утааг цэвэрлэх ойн бүсийг нэмэгдүүлбэл дэлхийн бусад улс орон эдийн засгийн тусламж өгдөг. Тэр болзлоо хангавал манай ойчдын улс орныхоо өмнө хийж буй том гавьяа юм.