Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжил түгээгч буянтан

Ангилал
Сонгинын хүн
Огноо
Унших
6 минут 36 секунд

Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо алдар цолтонгууд олонтой. Тэдний нэг эрчим хүчний гавьяат ажилтан, кранист, өндөр настан Ж.Батчулуун гуайг “Сонгинын хүн” буландаа урилаа. Тэрбээр Завхан аймгийн Шилүүстэй суманд төрж, долдугаар ангийн сурагч байхдаа Улаанбаатар хотод суурьших болжээ. Түүний аав нь хорвоогийн жамыг үзүүлснээр ажил хийж ээждээ түшиг болохоос өөр аргагүй болж, барилгын техник мэргэжлийн сургуульд суралцсанаа хуучилснаар бидний яриа эхэлсэн юм.

-Та эрчим хүчний салбарын анхны ажилчдын нэг гэл үү. Энэ салбартай хэрхэн холбогдож байв?

-Эрчим хүчний салбар бол миний амьдралтай салшгүй холбоотой. 1970-аад оноос хойш энэ салбарт хүчин зүтгэж ирлээ. Намайг энэ газарт ажилд ороход Монгол Улс өндөр хүчдэлд холбогдож, аймаг сумд руу гэрлийн шон суурилуулж эхэлж байсан үе. Анх Дархан, Эрдэнэт Төв аймаг л өндөр хүчдэлд холбогдсон санагдаж байна. Би Төв аймаг руу цахилгааны шон суурилуулж байхад энэ салбарт орсон. Түүнээс хойш Монгол орныхоо 21 аймаг бүх сумыг цахилгаантай болгоход гар бие оролцсон доо.

-Монгол орны бүх аймаг суманд өндөр хүчдэлийн шугам суурилуулсан гэхээр километрээр бодохоор том тоо гарах байх даа. Шугам хоорондын зай нь хэдэн метр байдаг вэ?

-Тэр ч ёстой тооцоолж үзээгүй зүйл байна. Их олон километр болох байх аа. Шугам хоорондын зай хамгийн холдоо 500 метр байдаг юм. Уулын өөд газрын уруу гээд л бартаатай замаар явж, цас бороо шуурга сөрөөд л ажлаа хийж явдаг байлаа.

-Хөдөө орон нутагт цахилгааны шон суурилуулахад амаргүй байх. Удаан хугацаагаар хөдөө ажилладаг байсан уу?

-Нас залуу сайхан болохоор ядарч сульдахыг мэддэггүй байлаа. Шижгэсэн залуус их л эрч хүчтэй ажилладаг байлаа. Голдуу хөдөө явж тэр сайхан агаарт ажиллаж явсны нөлөө юм болов уу. Миний бие нэг их өвдөөд байдаггүй юм. Нэг явахдаа хоёр сар гаруй болж байж л гэрийн бараа хардаг байлаа. Би хүү, охин хоёртой. Намайг хөдөө явсан үед эхнэр л ар гэрийн ажлыг нугалдаг байсан. Бүх аймаг суманд эрчим хүчний шон суулгахад гар бие оролцсон нь миний амьдралын бахархал. Миний хувь нэмрээ оруулсан бүтээн байгуулалт хаа явсан газар нүдэнд үзэгддэг болохоор сайхан санагддаг. Бидний үед суурилуулсан модон шон элэгдэж хуучраад төмөр битоноор сольж байгаа юм билээ. Төмөр битон ч модтой харьцуулшгүй бат бөх байх л даа. Миний хамгийн сүүлийн гүйцэтгэсэн ажил “Оюутолгой”-н уурхайгаас хятад руу явсан шугам.

-Та салбарынхаа хөгжлийн талаар ямар бодолтой явдаг вэ. Станцуудын хүчин чадал хотжилтийнхоо даацыг дийлэхгүй байх шиг санагддаг?

-Аливаа юм төлөвлөлтөөр явдаг шүү дээ. Хуучин төлөвлөлтөөсөө ачаалал нь хэд дахин хэтэрсэн гэж яриад байгаа юм. Тэгэхээр станцуудын хүчин чадал дийлэхгүй байх нь аргагүй болов уу. Түүнээс шугамыг бол янз бүрээр л угсарч байна. Манай салбар үнэхээр сайн хөгжиж байгаа. Янз бүрийн шинэ төхөөрөмж ч элбэг болжээ. Би чинь эрчим хүчний салбарын нэг эд эс нь болохоор өөрсдийнхөө бүтээн байгуулалт хөгжлийг харж л баясаж суудаг юм.

-Социалист нийгмийн үед таван жилийн төлөвлөгөөрөө ажиллаад гүйцэтгэл сайн байвал гавшгайч гэсэн тэмдэгээр шагнадаг байсан тийм ээ. Та хэдэн удаа гавшгайч болж байв. Хэдэн онд эрчим хүчний салбарын гавьяат ажилтан болж байсан бэ?

-Ажлынхаа төлөвлөгөөг давуулан биелүүлсэн хүн бүр л гавшгайчийн тэмдэг зүүдэг байлаа. Би тав, долоо, наймдугаар таван жилийн гавшгайч болж байсан. Гавьяатын тэмдгийг бол нэлээн хожуу зүүсэн. 2004 онд эрчим хүчний гавьяат ажилтан болсон. Гавьяат ажилтан гэж байрны төлбөрийн хөнгөлөлт гэж жилд нэг удаа хэдэн төгрөг олгодог. Тэтгэвэрт гарсан гээд зүгээр суусангүй. Хувийн жолооны курст хааяа цагаар багшилдаг. Бие өвчингүй байхад хүн хөдөлж л байх хэрэгтэй.

-Нас ахиад ирэхээр хүмүүс нутаг явах дуртай болдог шүү дээ. Та төрсөн нутгийнхаа юугаар нь илүү бахархдаг вэ?

-Манайх өвөл болохоор сумынхаа урд тал руу Шилүүстэй хайрханыхаа өвөр бэлд нутагладаг байлаа. Гуулингийн услалтын системийг бариагүй байхад тэр хавьд л намарждаг байсан юм. Нутаг орон их бодогдоно. Долдугаар ангидаа Улаанбаатар хотод ирснээсээ хойш хоёр удаа л нутагтаа очсон юм байна. Хойшид нутагтаа байнга очиж байя гэж бодож байгаа.

-Та Сонгинохайрхан дүүрэгт хэзээнээс амьдрах болсон бэ. Энэ дүүргийн хөгжлийн талаар санал бодлоо хуваалцана уу?

-Энэ дүүрэгт удаан амьдарч байна. Манай дүүрэг нэг үеэ бодоход хөгжиж байгаа. Шинэ бүтээн байгуулалтаар өнгө засаж байна. Сүүлийн үеийн хүмүүс хүний хийж бүтээснийг гамнаж хайрлахаа байжээ. Үүнд л би сэтгэл эмзэглэдэг юм. Ахмад хүний хувьд хэлэхэд хүний хийж бүтээснийг гамнаж сурах хэрэгтэй байна.

Оюутнууд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлж урьдчилан сэргийлэх үзлэгт орно
Оюутнууд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлж урьдчилан сэргийлэх үзлэгт орно
 
Ядуурал, хүнсний аюулгүй байдлын талаар улс орнуудын төлөөлөгчидтэй туршлага солилцлоо
Ядуурал, хүнсний аюулгүй байдлын талаар улс орнуудын төлөөлөгчидтэй туршлага солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.