УИХ-ын Төсвийн байнгын хорооноос нэгтгэн гаргасан зөрүүтэй саналд чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураалаа. Санал хураалтаар улсын хэмжээнд гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлтийн зардалд шаардагдах 33 тэрбум 628 сая төгрөгийг Эрчим хүчний сайдын урсгал зардалд нэмэх саналыг гишүүдийн олонх дэмжив. Ингэснээр гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифын хөнгөлөлтийг үргэлжлүүлэх боломжтой болж байна.
2023 оны төсвийн төслөөс Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор баталсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх” журмын дагуу 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхөд олгодог шөнийн тарифын хөнгөлөлтийг хасаад байсан юм.
Дашрамд, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны долдугаар сарын 4-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор батлагдсан "Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифын хөнгөлөлт ирэх сарын 1-нээс хэрэгжих гэж байна. Ирэх дөрөвдүгээр сарын 1 хүртэл цахилгааны хөнгөлөлт хэрэгжих бөгөөд гэр хорооллын хэрэглэгчдийн оройны 21 цагаас өглөөний 06 цагийн хооронд айл өрхийн ахуйн зориулалттай хэрэглэсэн цахилгаан хэрэглээнд тооцогдох юм.