Мал амьтны шилжилт хөдөлгөөн, гадны тор нүүдэл, зөвшөөрөлгүй малын худалдаа эрхэлж байгаа иргэдэд хяналт тавих ажлын хүрээнд Засаг даргын орлогч Д.Ундармаагаар ахлуулсан нийслэлийн Мал эмнэлгийн газар, дүүргийн Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хууль эрх зүйн хэлтэс, Хөдөө аж ахуйн тасаг зэрэг холбогдох албаныхан хэрхэх талаар хуралдлаа.
Сонгинохайрхан дүүрэг 43 хороотойгоос зөвхөн 21-р хороо Жаргалант тосгон нь эрчимжсэн мал аж ахуй эрхлэх зөвшөөрөлтэй бүс. Гэтэл идэшний махны эрэлтээс үүдэн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд багтах 32,33,34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхэлдэг иргэд болон тус хороодод өвөлжилт, отор зэргээс шалтгаалан урт хөлийн мал орж ирэх зэрэг асуудал багагүй их гарах болжээ.
Хороодын Засаг дарга нар болон холбогдох удирдлагууд зөвшөөрөлгүй бүсэд эрчимжсэн болон гахай зэрэг амьтдыг тэжээдэг иргэдийн ахуйн орчин нөхцөл, иргэдээс ирдэг гомдол санал, малын хөлийн татвар, 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэвтрэн орж ирж мал худалдаалж байгаа иргэдэд хяналт тавих, гадны аймаг сумаас дүүргийн мал бүхий хороодын нутаг дэвсгэрт малтай орж ирсэн малчид, малын шилжилт хөдөлгөөн, отор нүүдэл, амьтны гоц халдварт өвчин гарах эрсдэл зэрэг асуудлуудыг хөндөн, хэлэлцлээ. Ямартай ч, мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд мал малладаг иргэд болон тэдгээрээс үүдэлтэй салбар бүрд тулгардаг нийтлэг асуудлыг судалгаагаар нэгтгэн албан бичиг боловсруулж, хотын дарга болон НИТХ, нийслэлийн Мал эмнэлгийн газарт хүргүүлэхээр боллоо.