Иргэд эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж буй агаарын бохирдлын түвшин, чанарын мэдээллийг олон байршлаас илүү нарийвчлалтайгаар өдөр бүр гар утаснаасаа харж, мэдэх боломжтой боллоо.
Тодруулбал, “Монголын финтек групп” ХК-ийн охин компани “Хай Пэймэнт Солюшнс” ХХК агаарын бохирдол хэмжигч ухаалаг 55 төхөөрөмжийг нийгмийн хариуцлагын хүрээнд орон даяар суурилуулж эхэлсэн байна. Төхөөрөмжийг Польш улсын Краков хотод үйл ажиллагаа явуулдаг “Airly” компани үйлдвэрлэдэг бөгөөд “Хай Пэймэнт Солюшнс” ХХК нь Монгол Улс дахь анхны албан ёсны хамтран ажиллагч байгууллага нь болжээ. Уг төхөөрөмж нь:
- Тоосонцорын 3 төрөл болох PM1.0; PM2.5; PM10;
- Хүхрийн давхар исэл SO2;
- Азотын давхар исэл NO2;
- Нүүрстөрөгчийн дутуу исэл CO;
- Озон O3 үзүүлэлтүүд багтана.
“Хай Пэймэнт Солюшнс” ХХК нь 2022 оны гуравдугаар сараас эхлэн туршилтаар төхөөрөмжүүдээ суурилуулсан бөгөөд одоогоор Бөхийн өргөө, Баруун дөрвөн зам, Хайлааст, Богдын музей, Арт хаус /Туул рестораны хажууд/ гэсэн таван байршилд 9 төхөөрөмж ажиллуулж байна. Цаашид Улаанбаатар хотод нийт 20 төхөөрөмж байршуулах ба бусад төхөөрөмжийг 21 аймаг, сумдад суурилуулахаар төлөвлөсөн байна.
Дээрх төхөөрөмж суурилагдсан байршлуудын агаарын чанарын талаарх мэдээллийг “HiPay” аппликейшнээр дамжуулан авах боломжтой бөгөөд агаарын чанарын индексийг дэлхийн стандартын дагуу монгол тайлбартай, энгийн ойлгомжтой байдлаар оруулсан байна. Мөн улсын хэмжээнд ажилладаг агаарын чанар хэмжигч 40 суурин харуулын мэдээллийг ч нэгтгэсэн тул иргэд нийт 90 байршил, тэдгээрийн ойр орчмын агаарын чанарын мэдээллийг нэгдсэн байдлаар хүлээх авах боломжтой болжээ.