“Чингис хаан” тэргүүн зэргийн одонгоор Жэк Уэтерфорд, Дэчингунгаагийн Доржготов нарыг шагнаж алдаршууллаа.
Профессор Жэк Уэтерфорд бол Америкийн улс төрийн түүх, Монголын түүх, тэр дундаа Чингис хаан, Монголын эзэнт гүрний талаар томоохон судалгааны ажлууд хийж, олон арван ном бүтээл туурвин, олон улсад өндрөөр үнэлэгдсэн нэрт эрдэмтэн судлаач юм.
Тэрбээр 2004 онд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” хэмээх бүтээлээ хэвлүүлсэн бөгөөд түүний энэ бүтээл “Нью-Йорк Таймс” сонины шилдэг бүтээлээр шалгарч, 20 гаруй орны хэлээр орчуулагдан хэвлэгдэж дэлхий нийтийн хүртээл болсон юм.
Эрдэмтэн Жэк Уэтерфорд нь энэ бүтээлээрээ Чингис хаан болон монголчуудын талаарх дэлхийн түүхэнд байдаг зарим нэг ташаа ойлголтыг шинжлэх ухаанчаар тайлбарлан залруулж, Чингис хаан болон түүнийг залгамжлагчид эв эеийг эрхэмлэн, хууль цаазын дор амар амгаланг цогцлоож, шашин шүтлэг, тэгш байдлыг тэтгэсэн ардчилсан үзэл санааг дэлгэрүүлж, худалдаа арилжаа, харилцаа холбоо, соёл, шинжлэх ухаан зэрэг олон салбарыг хөгжүүлж, элч солилцох ёс, дипломат албаны ойлголтыг анх бий болгон, өнөөгийн дэлхий ертөнцийн үнэт зүйл, үзэл санаа, даяаршлын үндэс суурийг тавьсан Их эзэн хаан гэдгийг дэлхий дахинаа дахин таниулсан юм.
Тэгвэл түүний 2010 онд хэвлүүлсэн “Монголын их хатдын нууц товчоо” хэмээх бүтээл нь монгол хатад эмэгтэйчүүд зуун зууны турш үг хэл, үзэл санаа, үйл хэргээрээ хүн төрөлхтний түүхийг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг дэлхий нийтэд таниулсан бол 2016 онд хэвлүүлсэн “Чингис хаан ба эрхэм дээд үнэний эрэлд” хэмээх бүтээл нь Чингис хаан шашин шүтэх эрх чөлөөг хүн төрөлхтний түүхэнд анхлан таниулж, түүний энэ дэвшилтэт, ардчилсан үзэл санаанаас дэлхийн нэр хүндтэй удирдагчид хэрхэн суралцаж, үлгэр дуурайлал авч ирсэн тухай өгүүлсэн байдаг.
Мөн тэр бээр 1998 оноос хойш манай улсад олон удаа ирж нийт 40 орчим хээрийн судалгааны ажил, экспедиц зохион байгуулан “Монголын нууц товчоо”-нд өгүүлдэг түүхэн газруудаар явж, Монголын эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж Чингис хаан судлал болон монгол судлалд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа билээ.
Түүнчлэн 2010 онд монголын залуу судлаачдыг дэмжих, түүхийн ташаа ойлголтуудыг засах, монголын түүхийн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Жэк Уэтерфорд Сан” байгуулагдсан бөгөөд “Жэк Уэтерфордын нэрэмжит шагнал” олгож монгол судлалыг дэмжих чиглэлээр олон чухал ажил хийсэн байна.