Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн "Цагаан үзэг" холбоо "Угаартсаар байх уу, улаанбаатарчууд аа" хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт НҮБ-ын Хүүхдийн сан, Хүний эрхийн үндэсний комисс, Онцгой байдлын ерөнхий газар, Хавдар судлалын үндэсний төв болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож утааны асуудлыг хэрхэн шийдвэрлэх гарц гаргалгааг хайлаа. Хэлэлцүүлгийн үеэр хамгийн ноцтой мэдээллийг Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүү эмч өгсөн юм. Тэрбээр Утаанаас үүссэн бодис элэгний хорт хавдрын эсийг мутацид оруулж, маш өвөрмөц генийн гажиг үүсгэж байгаа талаарх судалгааны үр дүнгийн талаар хэллээ. Тэрээр" 2017 оноос хойш таван жилийн хугацаанд манай улсын судлаачид болон дэлхийн 14 байгууллагаас хамтран агаар, орчны бохирдол хавдрын эрсдэлийг хэрхэн нэмэгдүүлж байгаа талаар судалсан. Уг судалгааг Монгол Улсад хийх боломжгүй учир дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын геномын судалгааны лабораторитой хамтран хийсэн. Судалгааны үр дүнд монгол хүнд утаанаас үүдэлтэй шинэ төрлийн хавдрын мутаци буюу гажигшил үүссэн гэдгийг илрүүлсэн. Тухайлбал нүүрсний задралаас үүсэж байгаа энэхүү мутаци нь зөвхөн монгол хүнд өвөрмөцөөр үүссэн байгаа юм. Харин барууны орны иргэдийн элэгний эсийг судалж үзэхэд тийм зүйл огт илрээгүй. Агаарын бохирдлын улмаас ялгардаг хүхрийн хэт исэл, хар тугалга зэрэг хүчин зүйл нь хүний биед мутаци үүсгэж байгаа юм. Агаарын бохирдлыг хүний эрүүл мэндэд шууд болон шууд бусаар нөлөөлдөг гэж ангилж үздэг. Харин манай оронд бол шууд байдлаар иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэж үзэж байгаа. Түүнчлэн олон улсын агаарын бохирдлын талаарх өөр нэгэн судалгаа нь дээр агаарын бохирдлын хэмжээ PM300 дээш гарсан тохиолдолд нэг хүн өдөрт дунджаар 5-6 хайрцаг тамхи татсантай тэнцэх бохир агаараар амьсгалж, хордож байгаа талаар тодорхойлсон байдаг. Тэгэхээр Улаанбаатарын агаарын бохирдол дунд амьдарч байгаа ямар нэгэн хорт зуршилгүй иргэн шууд байдлаар энэхүү эрсдэлд удаан хугацаанд өртөж байна гэж ойлгож болно" гэлээ.
Агаарын бохирдол иргэдийн эдийн засагт хэрхэн нөлөөлж буй талаар НҮБ-ын Хүүхдийн Сангийн Цэвэр агаар хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн С.Алтанцэцэг" Агаарын бохирдол хүний эрүүл мэнд болон эдийн засагт үзүүлж буй асуудлын үр дагаврыг нь авч үзвэл бид бараг НҮБ-ын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хэмжээнд ирсэн. Ямар ч төрлийн нүүрсийг шаталтад оруулбал утаа ялгарна. Тиймээс бидэнд өөр шийдэл хэрэгтэй. Азийн хөгжлийн банкнаас агаарын бохирдлыг бууруулахад Монгол Улсын эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлж, халаалтыг бүрэн шийдвэрлэх түвшинд аваачих хэрэгтэй хэмээн дурдсан байдаг" гэсэн юм.
Эх хүүхдийн эндэгдэл, үр зулбах эмгэг утаанаас үүдэлтэй байж болзошгүй
2011 онд хийгдэж байсан судалгаагаар шөнийн цахилгаан хэрэглээг хөнгөлөхөд жилд 550.000 тонн нүүрсийг шатаалгүй хэмнэсэн. Улмаар нүүрс шатаах процесс багассанаар нийт нас баралтыг 14-17 хувиар бууруулах боломжтой хэмээх үр дүн гарч байжээ. Ийм хэмжээний үхэл утаанаас үүдэлтэй бий болоод байгаа гэдгийг хэлэлцүүлгийн үеэр мэргэжилтнүүд дурдсан юм. Түүнчлэн Үндэсний аудитын газрын судалгаагаар Засгийн газраас агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд нийт 456.1 тэрбум төгрөг зарцуулсан ч агаарын чанарын үзүүлэлт стандарт хэмжээнд хүрээгүй. Мөн агаарын бохирдлоос үүдэж эх, хүүхдийн өвчин, эндэгдэл, ураг зулбах, өсөлтгүй болох шалтгаан нэмэгдсээр байна. Ийнхүү хүн амын нас баралт, хавдар, зүрх судас, халдварт өвчин нэмэгдэхэд агаарын бохирдол үлэмж хэмжээнд нөлөөлж байгаа талаар судалгааны үр дүнг танилцуулсан юм.
Өнөөдөр утаанд зарцуулсан мөнгө их наядаар хэмжигдэж буй бол утаанаас үүдсэн хохирол ч мөн хэдэн тэрбумаар хэмжигдэхээр болоод байна. Эцсийн дүнд бидний эрүүл мэндийн хохирлыг хэн барагдуулах вэ гэдэг асуудал урган гарч байгаа юм. Хэлэлцүүлгийн дараа тус холбооныхон холбогдох газруудад зөвлөмж шаардлага хүргүүлэхээр боллоо.