Бохирдсон агаараар амьсгалах нь сэтгэцийн олдмол өвчтэй болох эрсдэлийг нэмэгдүүлдэг бол цэвэр агаараар амьсгалах нь альцгеймер буюу зөнөх өвчний эрсдэлээс сэргийлдэг байна.
Өмнө нь хийсэн 14 судалгаанд дүн шинжилгээ хийсэн Харвардын Нийтийн эрүүл мэндийн сургуулийн судлаачдын дүгнэлт нь их бохирдолтой агаараар тогтмол амьсгалах нь сэтгэцийн олдмол өвчин тусах эрсдэл үүсгэдэг гэсэн хариу гарчээ. Үүнд дундаж бохирдолтой буюу АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлагийн стандарт болох нэг шоо метрт 12 микрограмм бохирдол бүхий агаараар амьсгалах нь ч сэтгэцийн олдмол өвчний эрсдэл агуулдаг байна.
Дэлхий даяар 57 сая гаруй хүн сэтгэцийн олдмол өвчтэй байгаа бөгөөд эдгээр нь огт эмчилгээгүй байгаа нь асуудал болж байна. АНУ-д л гэхэд зургаан сая хүн ийм төрлийн өвчин болох альцгеймертэй гэж бүртгэгджээ.
Бохирдлын түвшин нэг шоо метрт хоёр микрограмм байсан ч дээрх өвчлөлийг үүсгэх эрсдэл тодорхой түвшинд агуулагддаг гэж Харвардын Хүрээлэн буй орчны эпидемиологи, физиологийн профессор Марк Вайсскопф “BMJ” анагаах ухааны сэтгүүлд нийтлүүлсэн судалгаандаа дурджээ.
Дээрх хэмжүүрийг энгийнээр тайлбарлавал өдөрт нэг тамхи татах нь нэг шоо метрт 22 микрограмм бохирдлоор амьсгалсантай тэнцэх аж. Түүнчлэн азотын давхар исэл болон азотын исэл нь сэтгэцийн олдмол өвчлөлийн аюулыг дагуулдаг гэж зарим судалгаа харуулсан байна.