Нийслэлийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулиас “Анхны хүүхэд нь сургуульд элсэн суралцаж буй эцэг эхийн сургалт”-ыг хоёр дахь жилдээ зохион байгуулав. Тус сургалтаар зургаан настнуудыг сууж сургах, хичээлээ хийх дадал хэвшүүлэх зэргээс гадна бодлого бодох, бичих, унших арга зүйг олон жилийн туршлагатай бага ангийн багш нар эцэг, эхчүүдэд заав. Багш нарын онцлох зөвлөгөөг бэлтгэн хүргэж байна.
1. Бичих арга зүйн багш Ш.Баттунгалагийн зөвлөгөө:
- Хүүхдийг “Гэрийн даалгавраа хийгээрэй” гээд орхих биш хажууд нь харж сууж байгаад цэвэр, сайхан бичүүлээрэй.
- Хүүхдийнхээ харааг шалгуулж, шаардлагатай бол нүдний шил зүүлгэнэ. Хүүхэд багшийн самбарт зааж буй зүйлийг харж чадахгүй бол хоцрох, хичээлээ хийх сонирхолгүй болох эрсдэлтэй тул энэ маш чухал шүү.
- Тогтож суух аргыг зааж өгнө. Жишээ нь гэртээ ч гэрийн даалгавраа хийж эхлэхээс нь өмнө бие засуулж сургах, улмаар хичээлээ хийж эхэлсэн л бол бусад зүйлд аль болох сатаарахгүй байхыг дадал болгох. Суухдаа толгой эгц, тохой ширээнд, хөл шаланд хүрсэн байна.
- Эхлээд хурдан бичих биш цэвэр сайхан бичиж сургах нь чухал. Дэвтрийн мөрийг дуустал бичүүлнэ, зай үлдээж болохгүйг ойлгуулах. Үсэг хооронд чигчий хурууны зайтай байна.
- Уншиж, үе холбож сурсны дараа цээж бичиг байнга хийлгэнэ.
- М, Р, Ч үсэг үзэх үед маш сайн анхаарч, хичээлийг нь хамтдаа хийлцэх хэрэгтэй. Мөн З, Ж, Ц үсгийн ялгааг маш сайн хэлж өгөх.
- Агаар дээр бичүүлэх нь маш хэрэгтэй дадлага юм.
- Алдаагүй бичүүлж сургахын тулд зөв үелүүлэх маш чухал. Жишээ нь Ма+л=Мал гэх мэт
- Үзэг салгахгүй бичих сургах чухал.
2. Унших арга зүйн багш Ч.Чулуунчимэгийн зөвлөгөө:
- Хүүхдийг уншуулж сургахдаа эгшиг, гийгүүлэгчийг цагаан толгойн дарааллын дагуу уншуулахаас аль болох татгалзаарай. Учир нь хүүхэд дарааллын дагуу уншвал хийсвэрээр тогтоодог. Харин энд, тэндээс нь асууж нүдлүүлбэл ухамсартай тогтоодог. Жишээ нь Ма, Мэ, Ми, Мо гэх дарааллаар биш Мэ, Мү, Мө гэх мэтээр янз бүрийн байрлалаар уншуулах нь зөв.
- Уншуулахдаа үгний утгыг ойлгуулах хэрэгтэй. Жишээ нь “Ам” гэдэг үгийг уншуулаад “Энэ юу гэсэн үг вэ”, “Аль эртхэн нь вэ, заагаарай” гэх мэтээр асууж, ойлгуулаарай.
- Хүүхдүүд хос эгшгийг нүдлэх чадвар сул байдаг тул энэ үед маш сайн анхаарах хэрэгтэй.
- Хүүхдийн чих нь сонсоод сурчихвал цээж бичгийг амархан бичнэ. Тиймээс сонсох дасгал хийлгэж байгаарай.
- Ном уншиж өгөх хамгийн чухал. Ингэхдээ номыг хүүхдээр өөрөөр нь сонгуулж сонирхлыг нь татахуйц баялаг номын санг гэртээ бий болгох. Номууд зөвхөн тавиур дээр байх албагүй. Гал тогооны ширээн дээр, ариун цэврийн өрөөнд, телевизорын хажууд гээд хүүхдийн гар хүрч, чөлөөт цагтай үедээ аваад унших боломжтой бүх газарт байрлуулбал үр дүнтэй. Мөн гэр бүлээрээ ном уншдаг, гар утасгүй, интернетгүй 30 минуттай болоорой.
- Тэднийг харамгүй магт. “Цаасан малгайтнууд” амжилтад маш их баярладаг.
3. Бодлого бодох арга зүйн багш Ж.Байгалмаагийн зөвлөгөө:
- Дэвтрийн хоёр нүдийг хоосон орхино. Дунд нь нэмэх тэмдэг, тэнцүү 7-ийн тоо байна. Энэ бодлогыг бодуулахын тулд 7-ийн тооны бүх бүтцийг бичүүлээд, аль нэгийг нь бич гэж бодуулаарай.
- 4 алим өгөөд, үүнийг тэнцүү хуваа гэж хэл. Хоёр хоёроор нь хувааж тавьсны дараа энэ бол тэнцүү тоо гэдгийг ойлгуулах. Мөн гурван алим өгөөд хуваа гэнэ. Үүнийг сондгой тоо гэдгийг ойлгуулах.
- Тоглоомоо сандлын зүүн, баруун, ард, урд, дээр нь тавиарай гэх байдлаар зүг, чиг, байрлал заах хэрэгтэй. Энэ нь хөрш тоог сурахад дөхөм болно.
- 10-ын дотор тоог хуруугаа оролцуулаад бодчихно. Тэгвэл үүнээс илүү тоог бодохын тулд 11 хуруу байхгүй яах вэ?. 10-аас илүү гарч байгаа тоог толгойдоо саначих. Ингээд эхлээд хуруугаараа бодсон тоон дээрээ, толгойдоо санаснаа нэмэх байдлаар бодвол хялбар. Жишээ нь, 11-ээс 5-ыг хасъя. 11-ийнхээ нэгийг толгойдоо саначих. Одоо арван хуруунаасаа тавыг хасаад, гарсан хариун дээр нь толгойдоо санасан 1-ийн тоогоо нэмчих. Ийм байдлаар бодвол ойлгоход дөхөм.
- Илүү, дутуу, их, бага гэдэг үгсийг ашиглаад бодлого зохиолгоорой. Ихийн ард +, багийн ард -, ижил бол = тэмдэг байдгийг ойлгуулаарай.
- Аливаа тоог үргэлж зөвөөс нь эхэлж зааснаар хүүхэд эсрэг талаас нь сэтгэж чадахаа больдог. Тиймээс буруугаас нь эхэлж заа. Энэ зөв үү, буруу юу гэж асуух. Тэр нь буруу байх.
- Хөзөр тоглонгоо тоо бодож сургаарай. Жишээ нь, надад 7 хөзөр байна, хоёрыг нь гаргачихлаа, одоо надад хэд үлдсэн бэ гэх мэтээр.
4. Сургуулийн сэтгэлзүйч Б.Золзаяагийн зөвлөгөө:
- Сургуульд ороод хүүхэд анх удаа өөрийгөө бусадтай харьцуулж эхэлдэг. Улмаар сэтгэл хөдлөлөө бүрэн хянах чадваргүй тул хурдан уурлаж, чанга инээнэ. Энэ бол хэвийн
- Шинэ зүйлийг туршиж үзэх сонирхолтой болно. Жишээ нь, гурил илдэж байхад оролцох гэвэл бүү цааргалаарай, харин түүнд зааж өгөөрэй. Учир нь зургаан настнуудын хувьд бүх юм цоо шинээр эхэлж байдаг.
- Нэгдүгээр ангиас нь эхлээд л цаг тухайд нь гэрийн даалгаврыг нь хийж сургаснаар ирээдүйд ажлаа тасалдаггүй, хоцордоггүй ажилтны суурь тавигддаг.
- Зургаан настнуудын анхаарал 3 минут л төвлөрдөг. Хэт хөдөлгөөнт эмгэгтэй бол 12-хон секунд л төвлөрнө.
- Багшийг хүндэлж сургах хэрэгтэй. Багшдаа итгэсэн хүүхэд сурлагын амжилт үзүүлнэ.
- Хүүхэд бүр чамтай ижил царайтай бас хувцастай байх албагүй. Тиймээс бусдыгаа гаднах байдлаар нь шоолж, шоглож болохгүй гэдгийг ойлгуулах хэрэгтэй. “Та нар нэг анги шүү” гэдгийг хэлж нөхөрсөг, найрсаг харилцаатай байхыг зөвлөөрэй.
- Эцэг, эхчүүд нь хүүхдээ сургуулиас нь авахдаа онц авсан уу, хичээлээ ойлгосон уу, багш нь юу гэж байна гэх мэт асуулт дийлэнхдээ асуудаг ч мэдрэмжийнх нь тухай төдийлөн сонирхдоггүй. Тиймээс хүүхдээ сургуулиас нь авахдаа дараах асуултуудыг асууж байхыг сэтгэлзүйч зөвлөж байна. Үүнд:
-
Өнөөдөр ямар хичээл хамгийн гоё санагдсан бэ?
-
Хэзээ хамгийн их баярласан бэ \гунигласан, гайхсан, уурласан, айсан, догдолсон гэх мэт\
-
Өнөөдөр хэнд “баярлалаа” гэж хэлсэн бэ, яагаад талархсан бэ?
-
Өнөөдөр хэн нэгэнд тусалсан уу? Яаж тусалсан бэ?
-
Өнөөдөр идсэн хоол нь амттай байсан уу?
-
Өнөөдөр юу хэцүү байсан бэ? \Хэцүү байсан ч чи илүү ухаантай болж байгаа болохоор чамаар бахархаж байна гэж тайлбарлах\
-
Өнөөдөр алдаа гаргасан уу \Энэ алдаанаас юу суралцаж болох вэ гэдгийг ярилцах\
-
Өнөөдөр хэнтэй ярилцаж хичээлээ хийсэн бэ?