Манай сайтын “Сонгинын хүн” булангийн анхны зочноор Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны оршин суугч зохиолч Луужир Жиймий буюу Л.Мөнхчимэгийг урилаа. Тэрбээр “Мөрөөдөгч, Ганцаардахгүй, Намайг өөрчилсөн 85 эмэгтэй” гээд залуусын унших дуртай зохиолуудыг туурвисан юм. Ингээд бид түүнтэй уран бүтээл хийгээд оршин суугаа дүүргийнх нь талаар ярилцлаа.
-Та оршин суугаа дүүргийнхээ юугаар илүү бахархдаг вэ?
-Би гэр бүлээрээ Сонгинохайрхан дүүрэгт нүүж ирээд таван жил болж байна. Ирснээс хойш анзаарч байгаа зүйл нь бүтээн байгуулалт маш эрчимтэй үргэлжилж байгаа. Дүүргийнхээ удирдлагуудтай нүүр тулж үзээгүй ч хийж байгаа ажлаас харахад хөдөлмөрч, зүтгэлтэй, залуу үеийн төлөөлөл шиг санагддаг.
-Амьдарч байгаа дүүргийнхээ хөгжлийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Цаг үеэ дагаад хөгжих нь ойлгомжтой. Ялангуяа алслагдсан хороо, бүс рүүгээ хөгжил нь илүү байгаасай гэж бодож байна. Дүүргийнхээ иргэдийг салхилах боломжтой тохь тухтай, цэвэрхэн гоё цэцэрлэгт хүрээлэн байх хэрэгтэй юм шиг санагдаж байна. Иргэдийнхээ санаа бодлыг хийх ажилдаа тусгаад явбал хөгжил илүү ойрхон харагдаж байгаа юм. Захын дүүрэг л хөгжилгүй, гэр хороололд хучигдсан гэдэг бодлоос салмаар байна. Дүүргийн хөгжил цэцэглэлт, өнгө үзэмжид сөрөг нөлөө үзүүлдэг байгууламжид анхаарал хандуулж, түлшний үйлдвэр гэх мэтийг хотоос гаргах хэрэгтэй. Хийх ажил их байна. Манай дүүргийн удирдлагууд шат дараатай хийнэ гэдэгт итгэлтэй явдаг.
-Одоогоор хэчнээн ном бичээд байгаа вэ. Сүүлийн үед таны зохиолоос залуус алийг нь илүү сонирхож уншиж байна вэ?
-Би чинь 2010 оноос хойш ном зохиол бичиж эхэлсэн. 10-аад номтой. Ер нь миний зохиолуудад эмэгтэйчүүд илүү дуртай, шимтэн уншдаг. Учир нь, тэдэн рүү чиглэсэн уран зохиолын ном бичих дуртай. “Нөхөрт гарсны маргааш”, “Намайг өөрчилсөн 85 эмэгтэй”, “Мөрөөдөгч”, “Чиний бүтээсэн би”, “Уруулыг минь уучил”, хамгийн сүүлд “Ганцаардаагүй” гэсэн номоо уншигчдынхаа хүртээл болгосон. Дээр дурдсан зургаан ном яг өнөөдөр худалдаанд байна даа. Бусад ном маань хэвлэгдээд дууссан учир дахин хэвлэлтэд оруулаагүй. Өсвөр насныханд зориулсан адал явдалт хоёр ч ном гаргаж байлаа. Миний “Намайг өөрчилсөн 85 эмэгтэй” номоо л гэхэд “Сайхан бүсгүй” групптэй хамтран 85 эмэгтэйн бодит амьдралаас сэдэвлэн бичиж байсан. Энэ ном бол эмэгтэй хүмүүсийн амьдралд алддаг, онодог, сайн сайхан, хэцүү хүнд зүйлийн талаар өгүүлсэн ном. Бас энэ номд орсон бүх өгүүллэгүүд эзэнтэй. Бодит явдлаас сэдэвлэсэн. Харин “Мөрөөдөгч” номын хувьд нэг эмэгтэйн тухай өгүүлсэн. Хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд яах ёстой юм, юун дээр алддаг, юун дээр онодог, ямар хүмүүс нь мөрөөдөлдөө хүрээд ямар хүмүүс нь мөрөөдөлдөө хүрч чаддаггүй вэ, мөрөөдөх томьёо байна уу, мөрөөдөх чадвар хүнд хэрэгтэй юу гэх мэтчилэн бидний хувьд маш олон асуултууд байдаг. Үүнд бүгдэд нь хариу өгсөн ном болсон гэж дүгнэж байгаа.
-Та ном зохиолоороо дамжуулж хүмүүст юу хэлэхийг зорьдог вэ?
-Миний сүүлд бичсэн буюу дээр дурдсан зургаан номыг уншвал юу хэлэхийг хүсэж байгаа тодорхой гарна. Ер нь өөрийнхөө санааг номондоо тусгахыг хичээдэг. Тэр утгаараа хүмүүст, ялангуяа бүсгүйчүүдэд хүрсэн юм болов уу гэж боддог. Миний бичсэн, одоо бичиж буй сэдэв бол хүчирхэг бүсгүйчүүд өөртөө байгаа гайхамшиг, далд авьяас, хүч чадал, урам зоригийн дөлийг олж харалгүй, нээж чадалгүй ахуйдаа дарагдчихаад цаг, минутаар бөхөх гээд байгааг сэрээх тухай агуулгууд. Хүчирхийлэл, хар бараан, хүнд хэцүү амьдралын тухай бичиж болно. Гэхдээ би бичиж яах юм. Энэ миний хийх ажил биш. Уншигчдад дарамт, сэтгэлийн шарх өгөх, үлдээхийн тулд би зохиолч болох ёсгүй гэж боддог. Харин миний бичсэнийг уншаад баяр догдлол, өөртөө итгэх итгэл, ямар нэг гайхамшигтай олз олсон юм шиг догдлох, сэхээрэх, өөртөө өөрчлөлт хийх, өөрийнхөө хүчийг уншигч маань мэдрэх нь л миний зорилго. Тэр олон шөнө, цаг наргүй сууж байгаагийн минь гавьяа ердөө энэ. Зарим эмэгтэй өөрийнхөө хүсэл мөрөөдлийг бүр цааш нь далд хийчихсэн, үр хүүхэд, хань ижлийнхээ төлөө л амьдарч байвал гээд өөрийгөө бүрэн хаячихсан байдаг. Тэднийг сэрээхийг, ганцхан амьдрах гэж ирэхдээ чи юу хийх гэж ирсэн юм бэ гэдгийг нь сануулахыг хүсдэг. Би өөрийн цагийг авч үлдэхийг хүсдэг шигээ бусдыг ч бас өөрийнхөө цагийг эдэлж, баяр жаргалтай амьдраасай гэж хүсдэг. Хүн сэхээрэх, өөрчлөхдөө тулбал ганцхан өгүүлбэр, бүр үгнээс өөрчлөгдөнө. Энэ тухай би бодит түүхүүдээс сэдэвлэсэн “Намайг өөрчилсөн 85 эмэгтэй” номондоо бичсэн. Би бодохдоо хүмүүс номыг уйдсандаа ч юм уу зүгээр цаг нөгчөөх гэж уншдаггүй. Номоос эрэл хайгуул хийдэг, эсвэл шинэ зүйл мэдэхийг хүсдэг, өөрийгөө хайдаг, өөрийгөө хөгжүүлмээр байдаг болохоор хүмүүсийг ном уншдаг гэж боддог.
Тиймээс би хүнд өгөөжтэй бас нэг авах юмтай тэр номыг уншаад дууссаны дараа нэг олз олчихсон юм шиг тийм мэдрэмж төрөөсэй гэсэн үүднээс номоо бичих болгондоо байнга өөрийгөө оронд нь тавьдаг.
Хэрвээ би уншигч байсан бол би юу хүсэх вэ, би энэ номноос юу авч болох вэ гэж бодож номоо бичдэг. Тэр ч утгаараа хүмүүст бас хэрэгтэй зүйлийг нь өгдөг байх гэдэгтээ итгэж байна.
-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Бусад зохиолчийн бичсэн номыг уншдаг. Мэдээж гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөхийг илүүд үзнэ. Хааяа найз нөхөдтэйгээ уулзаж, гэр бүлийхэндээ л цаг гаргана даа.
-Залууст хандаж юу хэлэх вэ?
-Зорилгоосоо битгий ухар. Байнга мөрөөд. Мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцээрэй л гэж хэлье.