Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Батцагаан : Баруун, Зүүн салааны аманд яаралтай далан байгуулах ёстой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 9 секунд

Богино хугацаанд орсон усархаг борооны улмаас Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, 61 дүгээр гармын орчмын айлууд өчигдөр усанд автаж, багагүй хохирол амссан. Газар олголтоос үүдэлтэй гэх яриа хэр үндэслэлттэй болохыг Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны дарга Б.Батцагаанаас тодрууллаа.

-Байгалийн багахан ус ямар их хохирол учруулж болдгийг нийслэлчүүд өчигдөр харлаа. Энэ айлууд газрын зөвшөөрөлтэй юу?

-Зөвшөөрөлтэй. 10 гаруй жил болсон айлууд. Газар дээр нь ажиллаж байхад зам тавихдаа ганц ус зайлуулах хоолой тавьснаас цаашаагаа нэвчин урсаж чадаагүйгээс хөндийг тэр чигт нь усанд автуулж гэж харагдсан. Зам тавьсаныг буруутгаж байгаа юм биш. Гол нь, бүс нутгийн онцлог, газарзүйн байрлалыг нь харгалзан далан шуудууныхаа өргөн, тоог харгалзан үзэх ёстой байсан байх.

-Тэгэхээр өмнө нь усанд автаж байгаагүй хэрэг үү?

-Оршин суугч нэг иргэн “Өмнө нь ерөөсөө ингэж усанд автаж байгаагүй.15 минутын усархаг бороонд хөндий тэр чигтээ усанд автчихлаа” гэж ярьж байна лээ. Нөгөөтэйгүүр, нэмээд ус зайлуулах хоёр хоолой байсан бол усанд автахгүй л байж дээ гэж харагдсан.

-Ер нь, зам тавихдаа танайхаас газрын зөвшөөрөл авдаг уу. Авдаг бол бүс нутгийн онцлогийг харгалзаж, замынхаа зузаан, үеийн далангийнхаа өндөр, нам, шуудуугаа тооцоолох ёстой байх?

-Үгүй, шууд л тавьдаг. Одоо хэн хэн рүүгээ буруутгах билээ дээ. Цаг уурын үүсч болох эрсдэлийг тооцоолон замаа тавих ёстой шүү дээ. Нэг зовлонтой асуудал бий. Тэр нь, улстөрчид. Жишээ нь, дүүргийн барилгын ард “намаг” гэсэн хаягтай айлууд байлаа. Гэтэл дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд “Чи миний сонгогчдын асуудлыг яагаад шийдэж өгдөггүй юм бэ гээд загнасаар байгаад газрын зөвшөөрлийг нь олгуулсан. Энэ мэт үерт автах эрсдэлтэй бүс нутаг, жалганд буусан айлууд тойргоос нь сонгогдсон гишүүдэд өргөдөл өгч, гомдол мэдүүлэн газрын зөвшөөрлөө авдаг. Мэргэжлийн байгууллагынхаа ажлыг нь хийлгэхгүй улс төрчид нь дарамтлаад байхаар үер усны далан, шуудуунд буусан гэх асуудал үүсдэг

-Яг одоо гуу жалганд зөвшөөрөлгүй буусан айл бий юу. Тооцоо судалгаа бана уу?

-Цөөхөн. Хавар болгон шар усны үерт автаж болзошгүй.Нүүгээрэй гэж анхааруулдаг. Гэвч нүүхгүй. Эсрэгээрээ “Чи намайг энэ газарт олон жил амьдарсаныг мэдэж байж газрын зөвшөөрөл өгсөнгүй. Тогтой болмоор байна гээд нөгөө л Их хурлын гишүүддээ өргөдөл өгдөг. Хууль, журмаас давсан энэ гажуудал эргээд иргэдэд маш их хэмжээний хохирол учруулж байна. Урьдчилан сэргийлэхэд нэг долларын зардал гарна. Асуудал үүссэний найман долларын зардал гарна гэж үг бий. Тиймээс үерт автсаны дараа биш урьдчилан сэргийлэх нь чухал байна.

-Дүүргийн хувьд ус зайлуулах далан шуудуу хэр хийсэн юм бэ. Ийм эрсдэл үүсэх газрууд бий юу?

-Байлгүй яахав. Нэн тэргүүнд, Баруун, Зүүн салааны аманд ус зайлуулах далан шуудуу хийх ёстой. Хэрвээ 61 дүгээр гарам шиг дээрх үер буувал дүүрэг тэр чигтээ усанд автана. Тэр байтугай,дүүргийн барилга ч усанд автах эрсдэлтэй. Газрын дарга болоод Баруун, Зүүн салааны аманд ус зайлуулах далан шуудуу хийх шаардлагатайг дүүргийн Засаг дарга болон дүүргийн ИТХ-ынханд танилцуулсан. Дүүргийн Засаг дарга зураг төслийг нь хийлгээд явж байгаа. Нийслэлийн удирдлагуудад ч уламжилсан.

-Ер нь, байгалийн энэ их усыг зүгээр урсгаснаас бүс нутгийн онцлогт нь тохируулаад цэцэг, модны үржүүлэг байгуулж болохгүй юу. Танайхаас зөвшөөрөл авна биз дээ?

-Болно. Зөв санаа. Байгалийн усыг ашиглах, бүс нутгийнхаа экологийн тэнцвэрт нөлөөлөхгүйгээр мод үржүүлэг байгуулахыг зөвшөөрдөг. Бүр хүнсний ногооны аж ахуй эрхэлж ч болно. Манайхаас мод үржүүлэг байгуулна гээд зөвшөөрөл авдаг ч, ажилладгаасаа ажиллуулахгүй нь мэр сэр байна. Хүсэлтээ уламжилсан аж ахуй нэгж, иргэний өргөдлийг боломжоороо шийдвэрлэж өгдөг.

Таггүй траншейнаас болж хүүхэд гэмтэж буйг анхааралдаа авах хэрэгтэй
Таггүй траншейнаас болж хүүхэд гэмтэж буйг анхааралдаа авах хэрэгтэй
 
Газар чөлөөлөлтийг эрчимжүүлнэ
Газар чөлөөлөлтийг эрчимжүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.