Цар тахлын дэгдэлт, хөл хорионы улмаас Япон улсын согтууруулах ундаагаар үйлчилдэг төвүүд хүндхэн цаг үетэй нүүр тулсан. Улмаар энэ төрлийн бүтээгдэхүүний татварын орлого буурч, дэлхийн гуравдагч томоохон эдийн засагтай орны төсөвт сөргөөр нөлөөлж эхэлсэн юм.
Тиймээс тус улсын засгийн газар үндэсний хэмжээнд иргэдийн согтууруулах ундааны хэрэглээг нэмэгдүүлэхэд уриалах арга хэмжээ авч эхэллээ.
Тодруулбал, тус улсын Үндэсний Татварын алба 20-39 насны залуусын дунд согтууруулах ундааг иргэдийн дунд түгээмэл хэрэглээ болгох хамгийн шилдэг санааг тодруулах “Sake Viva!” гэх уралдаан зарласан байна. Залуус шинэ бүтээгдэхүүн, шинэ дизайны санаанаас гадна ахуйн хүрээнд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг хэрхэн үр дүнтэй дэлгэрүүлэх санааг хүлээж авах аж.
Уралдаанд оролцогчдын шинэ санааг ес дүгээр сарын 9-ний өдөр хүртэл хүлээж авах юм байна.
Уралдаанд түрүүлсэн оролцогчдыг арван нэгдүгээр сарын 10-ны өдөр Токио хотод болох ёслолын арга хэмжээнд урьж, гаргасан санааг нь ирэх өвлөөс нэвтрүүлэхээр төлөвлөжээ
Японы Үндэсний Татварын албаны мэдээлснээр тус улсын согтууруулах ундааны хэрэглээ 1995 онд нэг хүнд дунджаар жилд 100 литр байсан бол 2020 онд 75 литр болон буурчээ. Энэ нь мөн тус улсын төсвийн алдагдалд нөлөөлсөн байна.
1980 онд Япон улсын татварын орлогын таван хувийг согтууруулах ундаа бүрдүүлж байсан бол 2011 онд гурван хувь, 2020 онд ердөө 1.7 хувь болон буурчээ.
Зөвхөн 2020 оны санхүүгийн жилд хатуу ундааны татварын хэмжээ өмнөх оноосоо 110 гаруй тэрбум иенээр буурсныг тоо баримт харуулжээ.
Энэ нь сүүлийн 31 жилийн хугацаанд гарсан хамгийн том уналт бөгөөд ялангуяа шар айргийн хэрэглээ цар тахлын үеэр хамгийн их буурчээ.
Тухайлбал "Kirin" шар айргийн үйлдвэрийн мэдээлснээр 2020 онд Японы нэг хүнд оногдох хэмжээ 55 лонх хүрсэн нь өмнөх оныхоос 9.1 хувиар буурсан үзүүлэлт юм байна.