Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тайвань: Дэлхийн сайн сайхны төлөө эвлэлдэн нэгдэнэ гэв

Ангилал
Гадаад ертөнц
Огноо
Унших
8 минут 37 секунд

Бүгд Найрамдах Хятад Улс, Тайванийн Гадаад харилцааны сайд Жаушие Жозеф Ву

Дэлхийн хамтын нийгэмлэг урьд өмнө хэзээ ч байгаагүй олон хямралтай тулгарч байна. Тухайлбал COVID-19-ийн шинэ хувилбаруудын байнгын сорилт, цаг уурын өөрчлөлтийн эсрэг гаргаж буй хүчин чармайлт зогсонги байдалд орсон, нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан, Оросын Холбооны Улсаас Украйн руу өдөөн хатгасан довтолгоо хийсэн зэргийг дурдаж болох юм. Хятад улс урьд урьдынхаас илүүтэйгээр үг хэллэг, цэргийн сүрдүүлгээ нэмэгдүүлж байгаа нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд аюул учруулж байгаа төдийгүй энэ бүхэн нь дэлхийн аюулгүй байдал, сайн сайхан байдалд сөрөг нөлөөтэй. НҮБ-ын гишүүн орнууд энэ онд Нью-Йорк хотноо дахин чуулах тул Тайваний ард түмэн гэлтгүй даян дэлхийн хүн зон бүгд дуу хоолойгоо хүргэж, дэлхийн сайн сайхны төлөө эдгээр сорилтыг шийдвэрлэхийн тулд хамтын хүчин чармайлт гаргах ёстойг эдгээр удирдагчдад сануулах нь зүйтэй юм.

Ази дахь ардчиллын гэрэлт цамхаг, дэлхийн сайн сайхны төлөөх хүч болсон Тайвань бол дэлхийн эдгээр сорилтыг даван туулахад туслах үнэ цэнтэй түнш юм. Ковид-19 цар тахал дэгдсэнээс хойш Тайвань дэлхий даяар хүмүүнлэгийн тусламж үзүүлж, нэн шаардлагатай байгаа маск, эмнэлгийн хэрэгслээр хангахаас гадна эх орондоо үйлдвэрлэсэн вакцинаа боловсруулж, түгээж байна. Тайвань мөн Украйны дүрвэгсдэд зориулан 40 сая гаруй ам.долларын хандив өргөснөөс гадна Оросын Холбооны Улс довтолсны дараа Украйны ард түмэнд 550 гаруй тонн тусламжийн бараа илгээжээ.

Цаашлаад Тайвань 2050 он гэхэд нүүрсхүчлийн хий ялгаруулалтыг тэглэх төлөвлөгөө гаргаж, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тус дөхөм болох бодлого баримталж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үүрэг хүлээсэн. Тайвань нь ДНБ-ий хэмжээгээрээ дэлхийн 22 дахь том эдийн засаг, гол хагас дамжуулагч үйлдвэрлэгчийн хувьд дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Ардчиллыг хамгаалагчийн хувьд Тайвань одоогийн статус кво /status quo/-г хадгалж үлдэхийг хичээхийн зэрэгцээ дүрэм журамд суурилсан олон улсын дэг журмыг дэмжин ажилласаар байна. Хятад Улс дарангуйллын брэндээ гадаадад экспортлохын тулд дарамт шахалт үзүүлж байгаа бол Тайвань чөлөөт, нээлттэй нийгмээ үлгэр жишээ болгож байна.


Харамсалтай нь БНХАУ-ын уйгагүй дарангуйллын улмаас Тайвань дэлхийн хамтын ажиллагааны хамгийн том, хамгийн чухал форумд оролцож чадахгүй байна. “Нэг Хятад” зарчмаа НҮБ-ын 2758 тоот тогтоол буюу 50 орчим жилийн өмнө тус байгууллагад “Хятад”-ыг хэн төлөөлөхийг тодорхойлсон тогтоолтой зориудаар холбосноор Бээжин Тайвань бол БНХАУ-ын нэг хэсэг гэсэн ташаа ойлголтыг түгээж, дэлхий нийтийг төөрөгдүүлсээр байна. Эсрэгээрээ уг тогтоолд Тайваний талаар ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй бөгөөд “Тайвань” гэсэн үг ч тусгагдаагүй. Урт хугацааны статус кво /status quo/ бол БНХУ (Тайвань) болон БНХАУ нь бие даасан харьяалалтай бөгөөд аль нэг нь нөгөөдөө харилцан захирагддаггүй. Тайваний ард түмэн олон улсын хамтын нийгэмлэгт зөвхөн чөлөөт, ардчилсан замаар сонгогдсон засгийн газраараа дамжуулан өөрийн орноо төлөөлүүлэх боломжтой.

НҮБ-ын 2758 тоот тогтоолыг буруугаар тайлбарласнаар Тайванийг НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудад оролцох эрхийг нь хасаж, олон улсын хамтын нийгэмлэгийг Тайваний оруулсан хувь нэмрийг хүртэх боломжийг үгүйсгэсээр ирсэн. Үүнээс ч дор, таагүй нэгээхэн асуудал нь НҮБ дахь Тайваний статусыг өөрчлөх гэсэн БНХАУ-ын хүчин чармайлт дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг улам алдагдуулж байна. Саяхан Тайванийг тойрсон Бээжингийн аюултай цэргийн сургуулилалт нь үүний тод жишээ юм.

НҮБ-ын дүрэмд НҮБ-ын зорилго, зарчим нь олон улсын энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах, олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх ёстой гэж тодорхой заасан байдаг. Гэсэн хэдий ч Бээжин Тайваний эргэн тойрон дахь бүс нутагт цэргийн сургуулилт хийсээр байгаа нь Тайваний хоолой дахь статус кво /status quo/-г алдагдуулж, хурцадмал байдлыг нэмэгдүүлж, олон улсын худалдаа, тээвэрт нөлөөлж бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд эрсдэл учруулж байна. Энэ хариуцлагагүй үйлдлийг буруушааж, таслан зогсоох хэрэгтэй.

Өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан, НҮБ болон түүний гишүүн орнууд Хятадын зүгээс явуулж буй эдгээр арга хэмжээнүүдийг эсэргүүцэж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүд улс төрийн мөрийн хөтөлбөртөө нийцүүлэн НҮБ-ын байр суурийг тодорхойлох нь чухал юм. Тайваний асуудлаарх Хятадын буруутай шаардлагагыг хүлээн зөвшөөрөх нь бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулж, НҮБ-ын зорилгод харшлах болно.

Тайвань нь өөрийн бүрэн эрх, аюулгүй байдлаа тууштай хамгаалахын зэрэгцээ олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүний хувьд Хятадын өдөөн хатгалгад тэвчээртэй хандаж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахын төлөө үзэл бодол нэгтэй улс орнуудтай хамтран ажиллах болно. Мөн бид олон жилийн турш дэлхий нийтэд харуулсан шигээ олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт идэвхтэй оролцож, хувь нэмрээ оруулах замаар олон улсын өмнө хүлээсэн үүргээ үргэлжлүүлэн биелүүлэх болно.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77-р чуулганы “Өөрчлөлтийн үе: харилцан уялдаатай сорилтуудыг өөрчлөх шийдлүүд” сэдэв нь олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй ноцтой сорилтууд болох COVID-19 цар тахал, хоол хүнс, эрчим хүчний хомсдол, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний тасалдал, уур амьсгалын өөрчлөлт зэргийг бидэнд сануулж байна.

НҮБ “харилцан уялдаатай хямрал”-ыг даван туулах “хамтарсан шийдэл”, “эв нэгдэл”-ийн талаар дурьдахад бид туйлын санал нэгтэй байна. Тайвань нь уг хамтарсан шийдэлд гар бие оролцох хүсэлтэй байгаа ба Тайваний 23.5 сая ард иргэдийг дэлхийн хэмжээний ийм чухал хүчин чармайлтаас хасч болохгүй. Дэлхийн улс орнууд Тайвань юу санал болгож болохыг ойлгож эхэлсэнд бид талархаж байгаа бөгөөд олон хүн Тайванийг НҮБ-ын тогтолцоонд идэвхтэй оролцохыг дэмжиж байна. Эдгээрийн дотроос энэ оны 7-р сарын 6-нд Европын парламент олонхийн саналаар тогтоол баталж, Тайванийг олон улсын байгууллагуудад утга учиртай оролцохыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. “Их 7”-гийн орнууд ч мөн адил дэмжиж буйгаа илэрхийлсэн. Тодруулбал, өнгөрсөн 10-р сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Блинкен НҮБ-ын гишүүн орнуудад Тайванийг НҮБ-ын тогтолцоонд утга учиртай оролцохыг дэмжихэд нэгдэхийг уриалсан.

Бидэнд тулгамдсан хамтын саад бэрхшээл нь хамтын даван туулах хүчин чармайлтыг шаарддаг. Эдгээр ноцтой бөгөөд харилцан уялдаатай хямралыг дэлхий нийтээрээ нэгдэж байж л шийдэж чадна. Тайвань бол найдвартай, зайлшгүй түнш гэдгээ баталсан бөгөөд Тайваний ард түмэн хувь нэмрээ оруулахад бэлэн байна. Дэлхийн сайн сайхны төлөө хамтдаа зүтгэцгээе хэмээжээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерчлэлийн ажил дуусчээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерчлэлийн ажил дуусчээ
 
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн”-г нээлээ
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн”-г нээлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.