Бямба гарагийн орой Сөүл хотын Итэвон дүүрэгт болсон сүнсний баярын үеэр үүссэн шахцалдаанд амиа алдагсдын тоо 154 хүрсэн байна.
Тэдгээрийн 26 нь гадаадын иргэд байжээ. Улс орнууд тус тусын хохирлын хэмжээг зарласаар байна. Одоогоор Хятадын 3, АНУ-ын 2, Японы 2, ОХУ-ын 2 иргэн амиа алдсан нь тогтоогджээ. Мөн Иран, Тайланд, Шри-Ланка, Австрали, Норвеги, Франц улсууд иргэд нь хохирогч болсныг баталсан байна.
Ням гарагийн оройн байдлаар шахцалдааны үеэр бэртэж, гэмтсэн хүний тоо 133 хүрсний 37-ынх нь биеийн байдал хүнд байгааг албаныхан мэдээлсэн юм.
Өмнөд Солонгосын засгийн газар арваннэгдүгээр сарын 5-ны өдрийг дуустал үндэсний хэмжээнд гашуудал зарлажээ.
Энэ хугацаанд тус улсын бүх төрийн байгууллагууд, гадаад дахь элчин сайдын яамд төрийн далбаагаа бөхийлгөж, онц шаардлагагүй олон нийтийн арга хэмжээнүүдийг хойшлуулахаар болсон байна.
Төрийн байгууллагын бүх албан хаагчид энэ хугацаанд гашуудлын тууз зүүхээр тогтжээ.