Сонгинохайрхан дүүргийн анхны гэх тодотголтой түүхийг бичилцэж, нэрийг нь хайрласан хүн бол анхны Засаг дарга Ж.Цэндсүрэн билээ. Тэрбээр одоогоос 30 жилийн өмнө 120 гаруй мянган хүн амтай, 20 хороотой дүүргийн “өрхийн тэргүүн” байсан бол өдгөө 82 настай, өнөр өтгөн айлын өрхийн тэргүүн, ахмад буурай болжээ. Ингээд түүний яриаг хүргэе.
- Сонгинохайрхан Улаанбаатар хотын хамгийн том дүүргийн нэг. Таны хувьд анхны Засаг даргаар сонгогдон, ажлаа хүлээн авч байсан тухайгаа дурсан ярихгүй юу?
- Нийслэлд Октябрийн район гэж том дүүрэг байсан.Тэр дүүргийг 1992 оны наймдугаар сард УИХ-ын тогтоолоор хоёр хуваах шийдвэр гарснаар Сонгино дүүргийг байгуулсан түүхтэй. Би тэр үед дүүргийн Засаг даргаар томилогдоогүй байсан юм. Хэдэн сарын дараа дүүргийн ИТХ хуралдаж, Засаг даргаар намайг томилсон. Засаг дарга болсны дараа хамгийн түрүүнд дүүргийн иргэдийн төлөөлөл, хороодын зарим удирдлагатай анхны уулзалтаа хийж, санаа бодлыг нь сонссон. Иргэдийн зүгээс тэр үеэр хоёр том асуудлыг тавьж байлаа. Нэгдүгээрт, анх дүүргийг хуваахдаа иргэдээс санал аваагүй. Сонгино дүүрэг гэж нэрлэсэн нь ойлгомжгүй байна. Сонгино уулын нэр юм уу, ургамлын нэр юм уу. Энэ нэрийг засаж, Сонгинохайрхан дүүрэг гэдэг нэртэй болмоор байна.Та Засаг дарга болсон учраас УИХ-ын шийдвэрийг өөрчилж, өгөх хүсэлтийг тавьсан.
Хоёрдугаарт, Сонгинохайрхан дүүрэг анх байгуулагдахдаа 124 мянган хүн амтай, 20 хороотой хамгийн том дүүрэг болсон. Гэхдээ эдгээр 20 хорооны 12 нь гэр хороолол, найм нь орон сууцны хороолол байсан. Тийм учраас дүүргийн иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулахын тулд дүүргийн төв байрыг гэр хорооллын дунд байгуулж өгөх даалгаврыг өгсөн.
Энэ мэт олон асуудлыг хэлэлцэж, тухайн үеийн НИТХ-ын дарга Ж.Ядамсүрэн, Нарийн бичгийн дарга Ц.Маналжав нарт энэ асуудлаа хэлж, дүүргийн нэр, хилийн цэсийг өөрчлөх хүсэлтийг тавьсан. Ингээд би “Дүүргийнхээ иргэдийнхээ санаа бодлыг сонсож, наймдугаар сард гарсан УИХ-ын тогтоолыг өөрчлүүлмээр байна. Анхны хурлаар хэлэлцэж надад өгсөн даалгаврыг биелүүлэхэд туслаач” гэсэн.Тэгээд НИТХ-аас дор нь арга хэмжээ авч, наймдугаар сард орсон УИХ-ын тогтоол өөрчлөгдөж, аравдугаар сард Сонгинохайрхан дүүрэг нэртэй болсон түүхтэй юм. Ард иргэд энэ нэрэндээ маш дуртай, сайхан хүлээж авсан.
- Гэр хороолол дунд дүүргийн төр захиргааны байгууллагыг төвхнүүлэхэд хэцүү байв уу?
- Дараа нь дүүргийн байрны асуудлыг шийдэхээр болсон. Тэр үеийн тавдугаар хорооны хөдөлмөрчдийн дунд хотын захиргаанаас Барилгын цэргийн 022 дугаар ангиас байрыг нь худалдан авч, тохижуулж орсон байдаг. Тэр үед байрны ус их тасардаг, хог хаягдал ихтэй, тог цахилгаан их тасардаг гэх мэт олон асуудал тулгарна. Ард иргэд энэ бүх асуудлаар дүүрэгтээ хандахад ойр дөхөм болсон.
Дараагаар нь дүүрэгт ажиллах хүний нөөцөө бүрдүүлэх, аж ахуйн нэгжүүдтэй харилцах асуудал байсан. Бид анх ингэж л эхэлсэн түүхтэй.
- Мах, сүү, гурил, талх, чихэр, эмийн үйлдвэр гээд нийслэл төдийгүй улсдаа томоохонд тооцогдох үйлдвэрүүд Сонгинохайрхан дүүрэгт байрладаг. Анхны Засаг даргын хувьд дүүргээ стратегийн дүүрэг гэж тодорхойлсон байдаг?
- Би Сонгинохайрхан дүүргээ стратегийн дүүрэг гэж тодорхойлсон. Улсын үйлдвэрийн ихэнх нь манай дүүрэгт байрладаг. Жишээлбэл, хуучнаар “Мах комбинат” буюу одоогийн “Мах импекс”, “Алтан тариа” гурилын үйлдвэр, сүүний үйлдвэрээс гадна худалдааны томоохон бааз, аж ахуй нэгжүүд зөвхөн дүүргээр зогсохгүй хотын хэмжээнд хүнсээр хангадаг. Тийм учраас яах аргагүй стратегийн дүүрэг юм.
Ганц жишээ хэлэхэд, “Мах комбинат” компанийн татварын орлогоор дүүргийнхээ бүх цэцэрлэг, сургуулиа санхүүжүүлнэ. Бусад үйлдвэрийн татварыг Сангийн яам, нийслэл хотод төвлөрүүлж байлаа. Одоо ч тэр олон үйлдвэр улам өргөжиж, сайхан бүтээн байгуулалтууд нэмэгдсэн байна.
Сонгинохайрхан дүүрэг шинэ дүүрэг учраас тохижилт үйлчилгээний компани, эрүүл мэндийн төв гэх мэт олон газрын байраас эхлээд үйл ажиллагааны зардалд маш их хөрөнгө мөнгө хэрэгтэй байсан. Бид төсвөө ИТХ-аараа ярилцаад шийдвэрлэнэ. Тухайн үед нийслэлээс бүх эрхийг дүүрэгт өгсөн учраас намайг Засаг даргаар ажиллаж байх үед дүүргийн төсөв хангалттай байсан. Харин татвараа бүрдүүлэх тал дээр багахан хүндрэл гарсан. Баянгол дүүргээс салсан учраас дүүргийн мэргэжилтнүүдэд хүнд тусаж байсан ч Баянгол дүүрэгт татвар хариуцсан байцаагчаар ажиллаж байсан Л.Найданг Сонгинохайрхан дүүргийнхээ Санхүүгийн хэлтсийн даргаар томилсон. Сүүлд Л.Найдан маань Сонгинохайрхан дүүргийн гурав дахь Засаг даргаар томилогдон ажилласан даа.
- Таны хувьд хоёр жил Засаг даргаар ажиллахдаа ямар ажил хийхийг зорьж байв?
- Дүүргийн анхны суурийг нь зөв тавьж, зохион байгуулах ажлыг анхаарч ажилласан. Тэр үед жинхэнэ ардчилсан нийгэм бий болж, олон ургалч үзэл гарч ирж байсан учраас маш олон иргэн саналаа хэлж байлаа. Тиймээс хамгийн гол нь материаллаг баазыг бэхжүүлэх ажлыг хийсэн. Энэ бүх ажлыг ганц хоёр жилийн дотор хийчихгүй. Тухайлбал, эрүүл мэндийн төвүүдийг хаана байрлуулах вэ, тохижилт үйлчилгээ, усны тээвэр, нийтийн тээврийн асуудал тулгарч байсан. Тийм учраас сонгинохайрханчууд маань намайг ажиллаж байх хугацаанд дүүрэг гэж тусдаа байгуулснаар бидний амьдралд үр дүнгээ өгөх юм байна гэсэн сэтгэгдлийг хэлж байсан. Аливаа зүйлийн эхлэлийг зөв тавих нь чухал. Энэ бүхэн намайг Засаг даргаар ажиллах хоёр жилийн хугацаанд цэгцэрсэн.
- Та дүүргийнхээ анхны “Хүндэт иргэн” цол тэмдгээр шагнуулж байсан гэдэг?
- Тийм ээ. Сонгинохайрхан дүүрэг анх байгуулагдаж, таван жилийн ойгоо тэмдэглэхдээ ИТХ-аас дүүргийн “Хүндэт иргэн” гэдгийг бий болгосон юм билээ. Намайг анхны Засаг даргаар томилогдож, дүүргийн хөгжлийн эхлэлийг тавьсан хүн гээд анхны “Хүндэт иргэн”-ээр өргөмжилсөн байх.
- Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар томилогдоход хэдэн настай байсан бэ. Дүүргийн Засаг даргаас Монголын ахмадын хороо руу томилогдоход ард иргэд их дургүй байсан гэсэн?
- Ер нь би нийслэлийн нам, төр захиргааны байгууллагад удирдах албан тушаалыг олон жил хашсан хүн. Тэгээд 1990 оны Ардчилсан хувьсгалын дараа шинэ дүүрэг зохион байгуулахад ихэвчлэн ардчиллын сайхан шижигнэсэн залуусыг Засаг даргаар томилж байлаа. Миний хувьд шинэ дүүрэг байгуулж байгаа учраас туршлагатай хүнээ дүүргийн Засаг даргаар томилъё гэж бодсон байх. Би тэр үед 50 нас л хүрч байсан. Ийш тийшээ ажил хөөцөлдөхөд танилын хүрээлэлтэй болчихсон байсан учраас Засаг даргаар томилсон байх.
Хүмүүс намайг яагаад хоёрхон жил Засаг даргаар ажиллачхаад ажлаа өгсөн юм бэ гэж их сонирхдог. Монголын ахмадын холбооны их хурал болж, тэр хурлын төлөөлөгчөөр намайг 50 нас хүрсэн болохоор Сонгинохайрхан дүүргээс сонгочихсон байсан. Их хурлаараа ахмадууд ярилцаж байгаад ардчилал шинэчлэлийн үед холбоог залуу хүн удирдах нь зүйтэй гээд олонхын саналаар намайг шууд сонгочихсон. Тэгж анх би Монголын ахмадын холбоонд сонгуулиар л очсон.
Тэрний дараа нийслэлд мэдэгдэж барьсангүй гээд яриа гарсан байх. Манай дүүргийнхэн намайг явах гэсэн дурамчхан, ажлынхаа үр дүнг үзэх ёстой гэж хэлж байлаа. Тэр холбоондоо 19 жил тасралтгүй ажиллаж, 70 нас гарч тэтгэвэртээ гарсан даа. Тэгээд би 1994 онд Монголын ахмадын холбооны даргаар очиж, 1995 онд УИХ-аар Ахмад настан, тэдэнд үзүүлэх хөнгөлөлт эдлэх тухай хууль гэдгийг батлуулсан. Тухайн үедээ ахмадууд хуультай болж, эмнэлэгт үзүүлэх, автобусанд суухаас эхлээд хөнгөлөлт эдэлж, эрх ашгаа хамгаалдаг болсон. Тэрнээс хойш энэ хуульд нэг удаа л нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг юм. Би энэ тухай өмнө нь ярьж байгаагүй юм байна.
- Сонгинохайрхан дүүргийнхээ ирээдүйг хэрхэн харж байна вэ?
- Одоо Сонгинохайрхан дүүрэг 350 мянган хүн амтай, 40 гаруй хороотой их сайхан хөгжиж байна. Тэр үед хотын захын дүүрэг гэж нэрлэгдэж байсан бол одоо хот доторх хот болчихсон, дахин нэг дүүрэг болж хуваагдах хэмжээнд тэлж, нийслэлийн тэргүүний дүүрэг болжээ. Газар нутаг сайтай учраас зөв төлөвлөж, зөв явбал амжилттай хөгжинө гэж боддог. Сонгинохайрханчууддаа 30 жилийн ойн баярын мэнд хүргэж, эрүүл энхийг хүсье.