Мари Кюри-ийн нэрэмжит Шинжлэх ухааны бүтээлийн уралдаан "Science fair 2022" амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Уралдааныг "ГЭРТЭЭ ТУРШЪЯ" ТББ-аас БШУЯ, Нийслэлийн боловсролын газар, Голомт банк хамтран 2022 оны арваннэгдүгээр сарын 19-нд нийслэлийн Улаанбаатар Чуулгын байранд амжилттай зохион байгуулсан юм.
Энэхүү уралдаан нь ЕБС-ийн 5-8-р ангийн сурагчдын дунд зохиогдсон бөгөөд УБ хот, 21 аймагаас 165 оролцогчид, багууд бүргүүлсэн байна. Үүнээс 42 баг видео хэлбэр, 64 баг бүтээл биет болон постер үзэсгэлэн танилцуулжээ. Уралдаанд оролцсон багууд, хүүхдүүдээс гадна, эцэг, эх, эмээ, өвөө, асран халамжлагчид, багш нар, шинжлэх ухаан сонирхогч оролцон нийт 400 гаруй хүн оролцсон томоохон арга хэмжээ боллоо.
Уралдааны зорилго нь хүүхдийн шинжлэх ухаанч мэдлэг, чадварыг нь нэмэгдүүлэх, өөрсдийн сонирхлоор туршилт судалгаа хийхийг дэмжих, бүтээлүүдийг шалгаруулж, сурталчлах зорилготой аж.
БШУЯ Шинжлэх Ухаан, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох, НҮБ-ийн хүүхдийн сангийн Монгол дах суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Компан, Франц улсын ЭСЯамны Эрчим хүчний атташе Ноён Antoine Cretien нар ирж оролцогч нарт амжилт хүсч нээлтийн үг хэлсэн юм. Хүүхдийн боловсрол, шинжлэх ухаанч чадварыг дэмжиж ерөнхий ивээн тэтгэгчээр Голомт банк, АйВиКо ХХК, Их шүүдэргэнэ ХХК зэрэг байгууллагуудад талархал илэрхийлье. Уралдаанд оролцсон бүтээлүүдийг шалгаруулахдаа:
- Байгалийн шинжлэх ухааны салбарын туршилт, судалгаа, бүтээл мөн эсэх
- Шинэлэг, энгийн, сонирхолтой, хөгжилтэй санааг тусгасан эсэх
- Оролцогч/ сурагч бүтээл хийхдээ олж авсан, мэдлэг ур чадвараа хэрхэн сайжруулсан байдал
- Сониуч зан, олон янзын оролдлого, хичээл зүтгэлээр бүтээгдсэн эсэх зэрэг үзүүлэлтээр дүгнэсэн байна.
Шалгарсан ангилал бүрээс нэг багийг шалгаруулан зөөврийн компьютер, цомоор шагнаж урамшууллаа. Уралдаанд оролцсон хүүхэд бүрт ГЭРТЭЭ ТУРШЪЯ шинжлэх ухааны туршилтын багцуудыг бэлэглэж урам зориг, хичээл зүтгэлийг нь дэмжсэн юм.
Шагнал урамшуулал:
- Тэргүүн байр 5-р анги: Цэлмэг Кибер сургуулийн сурагч О.Хас-Очир, Нарны аймаг бүтээл
- Тэргүүн байр 6-р анги: Хөвсгөл аймаг Эрдмийн далай сургуулийн сурагч Э.Тэлмүүн, Авто загварууд бүтээл
- Тэргүүн байр 7-р анги: Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р сургуулийн сурагч Б.Пүрэвсүрэн, Өнхрүүш мини робот бүтээл
- Тэргүүн байр 8-р анги: Eрөнхий Боловсролын 11-р сургуулийн сурагч Н.Ирмүүн ахлагчтай баг, Танк бүтээл шалгарлаа.
Уралдаанд сургууль, хамт олноо төлөөлөн бүтээлч сэтгэлгээ, ур чадвараа хөгжүүлж ОНЦЛОГ БҮТЭЭЛҮҮДИЙГ Монгол Од сургууль, Шинэ Эрин сургууль, Хобби сургууль, Оюут STEM төв, British School of Ulaanbaatar, Говь Алтай аймгийн Есөнбулаг сумын сургуулийн багш сурагчид танилцуулсан нь зохион байгуулагчид, шүүгчид, шинжлэх ухааны сонирхогчдын анхаарлыг татаж байлаа.