БНХАУ-д бүртгэгдэж буй COVID-19-ийн шинэ тохиолдлуудын дийлэнх нь “Omicron”-ийн хоёр дэд хувилбарын халдвар байна гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага мэдэгдлээ. Хэдий тийм боловч хүндээр өвчилсөн тохиолдлуудын талаар түргэн шуурхай, тогтмол, найдвартай дата мэдээлэл хэрэгтэй байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус онцолж байна.
Халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хангалтгүй байна гэсэн үндэслэлээр зарим улс орон БНХАУ-аас ирэх зорчигчдод хязгаарлалт тавьж байгаа юм. Үүнийг "Улс орнууд иргэдээ хамгаалахаар авч буй алхам" гэдгийг ойлгох хэрэгтэй гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тэргүүн мэдэгдлээ.
Нас баралт, хүндээр өвчлөгсдийн тоогоо БНХАУ дутуу мэдээлсэн хэвээр байж магадгүйг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэргэжилтнүүд анхааруулж байна. Гэхдээ сүүлийн 10 хоногт БНХАУ дата мэдээллээ хуваалцах нь нэмэгдсэнийг онцолжээ.
12 дугаар сарын нэгнээс хойш цуглуулсан 2000 сорьцод хийсэн шинжилгээгээр “Omicron” хувилбарын “BA.5.2” болон “BF.7” дэд хувилбарын халдвар 97.5 хувийг нь эзэлж байсан байна. Мөн одоогоор БНХАУ “Шинэ хувилбар бүртгэгдсэн” гэж мэдээлээгүй байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага тодотголоо. Хэдий тийм боловч удахгүй тохиох БНХАУ-ын Сар шинийн баярын үеэр COVID-19-ийн халдварын тархалт эрчимжих эрсдэлтэйг анхааруулж байна.