Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгинохайрхан дүүрэгт сүрьеэгийн өвчлөл өндөр байна

Огноо
Унших
4 минут 9 секунд

Сүрьеэтэй тэмцэх олон улсын өдөр маргааш тохионо. Энэ өдрийг угтаж ХӨСҮТ, ДЭМБ, НЭМҮТ-ийн мэргэжилтнүүд сэтгүүлчидтэй зангиагүй уулзаль зохион байгууллаа. Энэхүү уулзалтаар сүрьеэ өвчний тархалт болон эмчилгээний үр дүн цаашид сүрьеэ өвчинтэй хэрхэн тэмцэх талаар санал бодлоо хуваалцсан юм. Манай улс Номхон далай баруун эргийн бүсийн сүрьеэгийн тархалт өндөртэй 30 орны тоонд ордог. Монголд жилд дунджаар сүрьеэгийн 3000 гаруй тохиолдол бүртгэгддэг талаар ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд хэллээ.

Бид энэхүү уулзалтын үеэр ХӨСҮТ-ийн тархвар судлаач анагаах ухааны доктор Д.Наранзулаас зарим зүйлийг тодрууллаа.

Тэрбээр “Манай улс олон эмэнд тэсвэртэй сүрьеэг 2003 оноос илрүүлж, 2006 оноос хойш эмчилж байна. Энэ төрлийн сүрьеэгийн халдвар жилд 200 орчим тохиолдол илэрдэг. Сүрьеэгийн халдвар авсан иргэн эмээ дутуу ууснаас эсвэл эмчилгээ тасалснаас болж олон эмэнд тэсвэртэй сүрьеэ болж хувирдаг. Иймд нэгэнт сүрьеэгээр өвчилсөн гэсэн онош тогтоосон бол тухайн иргэн эдгэртэл нь эмчилгээний дэглэмээ маш сайн мөрдөх шаардлагатай. Сүрьеэгээр өвчилсөн хүмүүсийн дийлэнх нь ажилгүй иргэд байдаг. Тэгэхээр нийгмийн эмзэг бүлэгт өвчлөл өндөр байна гэж ойлгож болно. Сүрьеэгийн эмчилгээ бол хувь өвчтөнөөс ихээхэн тэвчээр шаарддаг. Сүрьеэгээр өвдсөн хүн багадаа зургаан сарын турш эм уух шаардлагатай болдог. Цаашлаад хоёр жил эмчилгээний дэглэм мөрдөж, эмээ тасралтгүй ууснаар иргэн бүрэн эдгэрдэг. Мөн хоол, нойр, дасгал хөдөлгөөн гээд сүрьеэгийн эдгэрэлтэд нөлөөлдөг хүчин зүйлүүд бий. Манай улс өнгөрсөн жилээс иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан. Энэ үзлэгээр сүрьеэгийн халдвартай байж болзошгүй 1334 тохиолдол бүртгэгдсэн. Харамсалтай нь үүний ердөө 100 гаруй нь оношоо тодруулах гэж манай эмнэлэгт хандсан. Тэдгээрийн тав нь сүрьеэгийн халдвартай болох нь батлагдсан. Цаана нь эмнэлэгт хандаагүй сэжигтэй гэж бүртгэгдсэн хүмүүсийн дунд хэчнээн нь халдвар тээж явааг тааварлах арга алга” гэж ярилаа.

Улаанбаатар хотын есөн дүүргээс Сонгинохайрхан, Баянзүрх хоёр сүрьеэгийн халдвар өндөртэй гэсэн статистик байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт урьдчилан сэргийлэх үзлэгээр сүрьеэгийн халдвартай байж болзошгүй 209 тохиолдол бүртгэгджээ.

Энэ үеэр мөн ДЭМБ-ын өвчин болон дархлаажуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн П.Анузаяагаас зарим зүйлийг тодрууллаа.

Тэрбээр “Номхон далайн баруун эргийн бүсийн сүрьеэгийн тархалт өндөртэй орнууд 2030 он гэхэд уг өвчнийг устгах стратеги боловсруулаад явж байна. Үүний хүрээнд дөрвөн хүчин зүйлийг мөрдөх зөвлөмж гаргасан. Нэгдүгээр сүрьеэгийн тусламж үйлчилгээг тогтвортой байлгах, хоёрдугаарт сүрьеэтэй тэмцэх менежментийг сайжруулах, илрүүлэлтийг сайжруулахад анхаарч ажиллах юм. Сүрьеэгийн өвчлөлийг бууруулахын тулд тусламж үйлчилгээг сайжруулахад дорвитой арга хэмжээ авах шаардлага тулгарч байна. Энэ өвчинтэй тэмцэхэд бүх хүний оролцоо чухал. Бид цар тахалтай тэмцэхэд хүн бүр дуу хоолойгоо нэгтгэж зөв мэдээллийг түгээж даван туулж чадсан. Сүрьеэг устгахад ч гэсэн энэ арга барил хамгийн чухал байна. Эрүүл мэндийн салбарын хувьд тогтолцоогоо сайжруулж оношилгоо, эрт илрүүлэх хэрэгтэй” гэлээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ жилийн сүрьеэтэй тэмцэх өдрийг “Тийм ээ бид сүрьеэг устгаж чадна” уриатай тэмдэглэж байна.

Дүүргийн өнгө үзэмжийг сайжруулахад анхаарна
Дүүргийн өнгө үзэмжийг сайжруулахад анхаарна
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.