Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах “Төрийн далбааны өдөр”-т зориулсан Цэргийн ёслолын жагсаалд оролцох Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын бүрэлдэхүүн бэлтгэлээ базаасаар байна.
Энэ хүрээнд өнөөдөр өглөө үүрийн 04.00 цагт Сүхбаатарын талбайд нэгдсэн бэлтгэлээ хийв. Энэ удаагийн “Төрийн далбааны өдөр”-т зориулсан Цэргийн ёслолын жагсаалд БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, ШШГЕГ, ТТХГ, ТЕГ, ЦЕГ, ДЦШ, ХЗЦК, АЦК, ТХЦК, ҮБХИС, ДХИС гэсэн 14 байгууллагын 4000 гаруй алба хаагч оролцож байна.
Цэргийн ёслолын жагсаалыг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга бригадын генерал С.Ганбямба командлах бол тугийн чиглүүлэгчээр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг, тугчаар Зэвсэгт хүчний ХШҮГ-ын дарга хурандаа Ж.Өсөхбаяр, тугийн хамгаалагчаар ЗХЖШ-ын Материал техникийн газрын Материал хангалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа С.Баяр-Очир, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Номт нар ажиллах юм.
Цэргийн ёслолын жагсаал нь 1992 оноос түр тасраад, 1996 онд Монголын тулгар төр байгуулагдсаны 790, Ардын хувьсгалын 75 жилийн их ойн баяр наадмын нээлтийн үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд нэг удаа зохион байгуулагджээ. Тус 1992 оны Ардын хувьсгалын 71 жилийн ойн Цэргийн ёслолын жагсаалд Цэргийн их сургуулийн Ерөнхий цэргийн тэнхимийн дарга, дэд хурандаа М.Борбаатар /хошууч генерал/-аар удирдуулсан шинэ төгсөгчдийн хайрцаг түрүүлж, Батлан хамгаалахын сайдын тушаалаар 30000 төгрөгөөр шагнуулж байв.
Үүнээс хойш есөн жил завсарласны дараа 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн тангараг өргөх ёслолын үеэр Зэвсэгт хүчний анги, байгууллага, Хил хамгаалах ерөнхий газрын болон Дотоодын цэргийн ангиуд оролцсон Цэргийн ёслолын жагсаалыг жанжин Д.Сүхбаатарын талбайд явуулсан байна. Дараа нь 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн тангараг өргөх үед Цэргийн ёслолын жагсаал явуулсан нь тухайн үед ард иргэд, залуучуудын гүн талархлыг хүлээсэн ёслолын арга хэмжээ болжээ.
Тэрчлэн 2009 онд "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” Монгол Улсын хуульд нэмэлт өөрчлөлт орсны дагуу Монгол Улсын “Төрийн далбааны өдөр” буюу долдугаар сарын 10-ны өдөр Цэргийн ёслолын жагсаалыг дахин явуулж эхэлсэн юм. Цэргийн ёслолын жагсаалыг дэлхийн ихэнх улс орон тэмдэглэлт баярынхаа үеэр бэлтгэн, зохион байгуулан явуулдаг бөгөөд энэхүү арга хэмжээг тухайн улс орны тусгаар тогтнол, түүний батлан хамгаалах цэрэг, армийн хүчин чадлыг харуулсан чухал арга хэмжээний нэг гэж үздэг ажээ.