Монголд үйлдвэрлэж байгаа эмийн чанар гадныхаас дутахгүй

Ангилал
Ажлын байр
Огноо
Унших
8 минут 33 секунд

Хэдийгээр манай улс хүн ам цөөтэй ч эмийн зах зээлд өргөн сонголт бий. Тэр ч бүү хэл дотооддоо эм үйлдвэрлэдэг 40 орчим компанитай. Эдгээрийн нэг эм үйлдвэрлэлийн тэргүүлэх зэргийн компани “Монос” үйлдвэрийн үйл ажиллагаатай “Цагаан үзэг холбоо”-ны сэтгүүлчид танилцлаа. Тус үйлдвэрийн байрны хоёрдугаар давхарт Эм судлалын хүрээлэн байрладаг аж. Эм судлаачдын ширээн дээр байрлах ургамал хийгээд хүний анатомын тухай зузаан товхимол нүдэнд эрхгүй тусаж байв. Эм үйлдвэрлэнэ гэдэг асар нарийн шинжлэх ухаан. Хүний амаар орж, ходоодонд очиж биемахбодиор шимэгдэх эм хэмээх жижиг зүйл ариун цэврийн өндөр зэрэглэлийн шаардлага хангасан байх учиртай. Нөгөөдэйгүүр зөв найрлагатай байж хүний биед зөв шингэх учиртай билээ. Энэ бүх шаардлага, стандартыг “Монос” үйлдвэрийнхэн ягштал мөрдөж ажилладагийг нүдээр харлаа. Хүний оролцоо бага шаардах сүүлийн үеийн дэвшилтэт технологийг тус үйлдвэрийнхэн өргөн ашиглаж байна.

Бүх зүйлийг автоматаар тохируулан хүний оролцоо багатайгаар үйлдвэрлэлээ явуулж буйгаа гүйцэтгэх захирал М.Одгэрэл сонирхуулсан. Тэрбээр “Манай эмийн үйлдвэр өдгөө зах зээлийн хэрэглээний 0,5 хувийг л хангаж байна. Тодруулбал, жилдээ 150 нэр төрлийн эм үйлдвэрлэдэг гэсэн үг. Энэ бол харьцангуй бага харьцаа л даа. Цаашид бид үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг зорьж байгаа. Удахгүй ургамлын буюу тангийн найрлагатай эм үйлдвэрлэх байраа ашиглалтад оруулна” гэлээ. Том шилэн вакуум цонхны цаанаас үйлдвэрлэл хэрхэн өрнөж буйг халдвар хамгааллын хувцасаар ижилссэн сэтгүүлчид амьсгаа даран сонирхож зогслоо. Цитромон,цитромакс гээд бидэнд аль эрт танил болсон эмийн хаяг шошгонууд хаалган дээр тодоос тод үзэгдэнэ. Автоматаар ариутгах горимтой төхөөрөмжийн хажууд битүү хувцастай ганц хүн зогсож харагдана билээ. Өдөр бүр энэхүү төхөөрөмжөөс хэд дахин бактери нянгийн шинжилгээ авдаг тухайгаа ч тус үйлдвэрийнхэн хэлж байв. Сүүлийн үед ургамлын найрлагатай эм үйлдвэрлэхийг илүүд үздэг болсон нь синтитик орцноос татгалзаж, органик найрлагатай болгохоор зорьж буй мэдээ чихэнд чимэгтэй сонсогдсон. Эмийн ургамлын найрлагатай эм үйлдвэрлэхийн тулд ховордож буй ургамлуудыг тариалж буй юм байна. Ингэснээр түүхий эдийн нөөцийн хомсдол үүсэхгүй байх сайн талтай гэдгийг бидний хөтөчөөр ажилласан Золзаяа хэлж байв.

Биднийг сонирхсон газрын нэг тус үйлдвэрийн лабораторийн хэсэг байлаа. Маш нарийн дэс дарааллын дагуу судалгаа шинжилгээний ажлуудыг нямбай гүйцэтгэж буйг хараад “Монос-ын гэсэн хаягтай эмэнд итгэх итгэл улам ихээр сэргэлээ. Агаарын чийгшлийг нарийн горимын дагуу тааруулсан орчинд буюу тусгай өрөөнд эмийн орц найрлагыг нь тааруулж суугаа мэргэжилтэн хажуудаа эм граммлах хэд хэдэн жижиг жин тавьсан харагдсан. Цэвэр орцын найрлагыг нь олон улсын эмтэй яг нийцүүлэн нарийн тааруулдаг тул ийн олон төрлийн жин хэрэглэдэг байна. Эднийх лабораторийн хүчин чадлаа нэмэгдүүлж, Японы сүүлийн үеийн хоёр ч шинэ төхөөрөмжийг суурилуулснаа дуулгасан. Энэхүү төхөөрөмжүүд нь хүний ходоодны орчинд эм хэрхэн задрах вэ, хэр хугацаанд эм задарч байгаа эсэхийг нарийн шинжилдэг юм байна. Түүнчлэн тус үйлдвэр гадаад зах зээлээ тэлж Кыргыз улсад гоо сайхны бүтээгдэхүүн болон витагрип нэрийн бүтээгдэхүүнээ борлуулж эхэлжээ. Удахгүй урд хөршийн зах зээлд зарим нэр төрлийн эм болон гоо сайхны бүтээгдэхүүнээ гаргахаар гэрээ хэлэлцээр хийсэн байна.

“Эм хэрхэн бүтдэг вэ” сэтгүүлчдийн тур аяллын дараа бид тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал М.Одгэрэлээс зарим зүйлийг тодруулсан юм.

-Танай үйлдвэр нэлээд шинэ төхөөрөмж суурилуулсан харагдлаа. Ажилчдаа хэрхэн сургадаг вэ?

-Бид тоног төхөөрөмжөө захиалаад авчрахынхаа өмнө тухайн үйлдвэр рүү ажилчдаа явуулж сургадаг. Манай ажилчид орчинд сураад ирдэг болохоор ямар нэг хүндрэл гардаггүй. Мөн манай ажилчид химийн бодистой орчинд ажилладаг болохоор агааржуулалтын горимыг маш нарийн мөрддөг. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл тодорхойлох судалгааг жил бүр хийлгэдэг. Ямар нэг зөрчил илэрдэггүй.

-Танай үйлдвэрийн эмийг дотооддоо хийдэг хэрнээ импортын эмтэй ижил үнэтэй байна гэж хүмүүс шүүмжилдэг энэ талаар та юу хэлэх вэ?

-Манай улсад одоогоор 10 мянган нэр төрлийн эм бүртгэлтэй байна. Үүнээс манай үйлдвэр 150 нэр төрлийн эм үйлдвэрлэдэг. Бидний үйлдвэрлэж байгаа өргөн хэрэглээний нэрийн эмийг үйлдвэрлэдэг 20 орчим үйлдвэр бий. Эмийн үйлдвэрүүд бол цэвэр зах зээлийн зарчмаар эмийн үнийг тогтоодог. Дотоодын үйлдвэрүүд нийлээд 800 гаруй нэр төрлийн эм үйлдвэрлэдэг. Ер нь чөлөөт зах зээлийнхээ үнээр нь зохицуулдаг. “Монос” фарм трейд гээд импортын эм оруулж ирдэг компани бий. Энэ байгууллагын эмийн үнийг бид үнэндээ сайн мэдэхгүй. Монголд эмийн үнийг өндөр тогтоох бололцоо байхгүй юм шиг санагддаг. Хүмүүс эмийн үнэ өндөр байна гээд байдаг нь түүхий эдээс бас хамааралтай. Нэг эмийн түүхий эдийг бага хэмжээгээр авдаг болохоор олон улсын зах зээлийн үнээс арай өндөр үнээр худалдаж авах шаардлага гардаг. Манай улсын зах зээл жижиг учраас эмийн нэгж үнэ өндөр харагддаг байх. Нөгөөтэйгүүр хилийн хяналт, тээврийн асуудал бас нөлөөлдөг.

-Монгол эм чанаргүй байна гэж ярьдаг. Гэвч олон стандарт мөрддөг юм байна. Энэ талаар танайх ямар тайлбар өгөх вэ?

-Нэг гишүүн чуулганы хуралдаан дээр Монголд үйлдвэрлэсэн эм чанаргүй байна гээд хэлчихдэг. Гэхдээ энэ бол өрөөсгөл ойлголт. Нэг асуулт бүх нийтийг хамраад байдаг. Нэг сэтгүүлч муу байхад бүх нийтээр нь муу гэж хэлээд байдагтай яг ижил ойлголт шүү дээ. Олон үйлдвэр дотор ганц нэг түүхий эд муу байж магадгүй. Тэгвэл яг тодорхой нэр устай мэдээллийг нь нарийн хэлж байх хэрэгтэй. Зарим нь стандартаа барьж ажиллаж байхад зарим нь алдаа гаргадаг байж болно шүү дээ. Манай дотооддоо үйлдвэрлэж байгаа эмийн чанар гадаадад үйлдвэрлэсэн эмээс нэг их чанарын ялгаа гарахгүй болов уу л гэж хэлэх гээд байна. Гадаадын зарим эмний үйлчлэгч бодисын хэмжээг яаж үздэг вэ гэдгийг л судлах хэрэгтэй байх. Гэхдээ тухайн хүний бие махбод харилцан адилгүй учраас эмийн үйлчлэл ч гэсэн өөр өөр л байна шүү дээ. Манайх бол түүхий эд, сав баглаа боодол гээд бүх шатан дээр нь чанарын баталгаа хангаад гаргадаг болохоор би хэзээ ч эргэлзэж байгаагүй.

Ядуурал, хүнсний аюулгүй байдлын талаар улс орнуудын төлөөлөгчидтэй туршлага солилцлоо
Ядуурал, хүнсний аюулгүй байдлын талаар улс орнуудын төлөөлөгчидтэй туршлага солилцлоо
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.