Маргааш өглөө амьд л байгаасай

Ангилал
Сонгинохайрхан
Огноо
Унших
9 минут 39 секунд

Дүүргийн эмнэлгийн хонгилоор эгнүүлэн тавьсан орон дээр уйлалдах бяцхан жаалуудыг хараад зүрх шимширмээр. Уранзаяа дөрвөн настай хүүтэйгээ хэвтээд долоо хонож буй. Хүү гурав дахь удаагаа уушгины хатгаа оноштой хэвтэн эмчлүүлж буй нь энэ. Сувилагчийн тариурын тэрэгний чимээнээр хүү сортос хийн цочиж гараа ардаа нуун гунигтай нүдээр ээж рүүгээ ширтэх нь үнэхээр өрөвдөлтэй. Энэ агшинд Уранзаяа ч хүүгийнхээ өмнөөс сэтгэл нь шанална. Судас тарианы уян зүү тавиулна гэдэг амаргүй ажил. Эмнэлгийн орон дээр зэрэгцэн суусан ээжүүд хүүхдийнхээ зүүтэй гарыг ихэд хамгаална. Сувилагч нарт төвөг удаж, дахин хатгуулж хүүхдээ зовоохыг хүсээгүйдээ л тэр. Уранзаяа энэ шөнийг давчихвал хүү бид хоёр маргааш эмнэлгээс гарах байх аа хэмээн сувилагчид дуулдах төдий хэлээд хүүгийнхээ гарыг боов. Өглөө боллоо. Гашуун утаа эмнэлгийн хонгилоор дүүрэн үнэртэж, багачууд нөгөө л янзаараа бөгшүүлцгээнэ. Уранзаяа эмнэлгээс гарах болжээ. Эмчийн өрөөнөөс хүүгийнхээ ягаан дэвтрийг барин гарч ирж шалавлан алхалсаар орон дээрээ очлоо. Гадаа тэнгэр цэлмэг хэдий ч өнөөх л өтгөн хар утааны манан сааралтсаар. Таксины өмнөх самбарыг харвал гадаа -12 градусын хүйтэн байгааг заажээ. Эднийх эмнэлгээс холгүй тул таксины төлбөр тийм ч их гарсангүй. Халаасаа тэмтрэн жолоочид таван мянган төгрөг сарвайгаад Нарангийн голын дугаарт тоот хашааныхаа үүдэнд хүүгээ хөтлөн буулаа.

“Буянаа юу хийж байгаа бол, ээж гэртээ байгаа болов уу, галтай л байдаг байгаа даа гэхчлэн элдвийг эргэцүүлсээр гэрийнхээ хаалгыг татлаа. Нас 70 дөхөж яваа Жүгдэр гуай үнс, тоос манаруулан галаа ухаж сууснаа сая л охиноо анзаарч “Өө та хоёр гараад ирээ юү. Одоо ч эмнэлэг долоо хоног эмчилсэн болоод л гаргах юм даа. Хүүгийн ханиад сайн эдгэрч чадав уу” хэмээн эргэлзэнгүй асуулаа. Уранзаяа “гайгүй дээ, эмнэлэгт ор хүрэлцэхгүй хэцүү байна. Арай гайгүй илааршсан гэж үзсэнээ гаргахыг л бодох юм. Эмч 14 хоног гам бариарай. Дааруулж болохгүй дулаан байлгаарай” гэсэн. Гэвэл Жүгдэр гуай “Ээж нь тэтгэврээ аваад бараг л дуусгачихаад сууж байна. Сарын 770 мянган төгрөгөөр амьдрах аргагүй болжээ. Хүнсний бүтээгдэхүүний үнэ өдөр бүр л өсөөд байгаа юм шиг санагдах боллоо. Гудамжны үзүүрийн улаан дэлгүүрт талх 2800 төгрөг байсан. Гэтэл өчигдөр 3000 төгрөг болчихсон байна. За даа тэгээд худалдаа эрхлэгчид ч хүссэнээрээ л үнэ нэмэх юм даа. Дэлгүүрт түрүү сард тавьсан өрөө дарж дуусгалаа. Дөрвүүлээ яаж шуухан амь зуудаг билээ. Ээж нь цэвэрлэгчийн ажил ч болтугай олж хийдэг юм билүү” гээд охиноо царайчлангуй харав. Гуанзны туслах тогоочийн цалингаар амьдралаа болгох гэж зүтгэж буй Уранзаяад ээжийгээ ажил хийлгэх хүсэл төрсөнгүй. “Хэрэггүй биз дээ та, би болгоно” гэж сулхан дуугарлаа. Хичээлээ нямбайлан бичиж суусан Буянаа охин манай ангийн багш номны 15000 төгрөг өгөөрэй гэсэн шүү. Маргааш та намайг хичээлдээ явахад өгөөрэй гэлээ. Бас өдөр бүр шүүлтүүртэй амны хаалт зүүгээрэй гэж байсан гэвэл Уранзаяа түүнийг үгийг таслан гэрт гадаагүй л утаа суунаглаж байхад амны хаалт хэр хэрэг болох юм бол доо хэмээн шүүрс алдав.

Буянаа ээж рүүгээ ширтэнгээ “Та чинь өрхийн төсөв хөтөлдөг хүн биз дээ. Тэгээд л би амны хаалтны мөнгө бас сургуулиас мөнгө нэхэж магад гэж тооцоод сардаа хэдэн төгрөг илүү тооцчихож байгаарай л гэж сануулсан юм” хэмээн хэрсүүхэн хэлэхэд эмээ нь мушилзан инээж уг нь өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдээд байдаггүй бол чамд илүүчилж болно л доо. Даанч өдөр бүр шахуу л үнийн өсөлттэй нүүр тулгарах нь гачлантай гээд ач охиныхоо толгойг илэв.

Жүгдэр гуай Алтай нутгаас Улаанбаатар хотод нүүж ирээд 24 жил болжээ. 2000 оны зуднаар хотоо харлуулж хамаг малаа үхүүлснээс хойш амьдрал хөөн хот бараадсан нь энэ аж. Мянга гаруй толгой малтай байсан Дугар зудад нэрвэгдэж амин зуулгын хэдэн малаасаа салсан сэтгэлийн зовлонгоо дааж чадалгүй амиа хорлож, Жүгдэр гуай охинтой амь зуухаар Сонгинохайрхан дүүргийн Нарангийн голд нүүж иржээ. Хамаатныхаа хашаанд хэсэг толгой хоргодсоны эцэст элдвийн ажил хийж ах дүүсээсээ тусламж аван байж өөрийн гэсэн жижиг хашаатай болоод таван жилийг үджээ. Хотод анх ирэхдээ 20 настай байсан Уранзаяа өдгөө 44 хүрч хоёр хүүхдийн ээж болжээ. Хоёр хүүхдийн аав нэмэр болохоос илүү нэрмээс болох нь их. Ихэнхдээ сархад хүртэж төвөг уддаг болохоор Уранзаяа нөхрөөсөө харилцаагаа таслажээ.

Амьдралын эрээн барааныг хослуулан туулж яваа ээж охин хоёрын алсын зорилго

байртай болох. Гэвч тэтгэврийн хөгшинд ипотекийн зээл олдохгүй. Уранзаяагийн нас болоод цалингийн байдал мөн л тэнцдэггүй болохоор гэр хорооллын дахин төлөвлөлтөд газраа орохыг хүлээн цаг хугацааг үдэж буй ажээ.

Гэнэт сэхээ орсон мэт Уранзаяа босож телевизээ асаалаа. Өдөр бүр л яриад шийдэгддэггүй өнөөх л утааны тухай танил мэдээ тэдний оройн хоолыг хачирлав.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтний хэлснээр “Сүүлийн долоон жилийн байдлаар 103 хүн угаарын хийн хордлогын улмаас амиа алдсан гэж Хүний эрхийн үндэсний комиссын мэдээнд дурьдсан байсан. Ер нь жил бүр л угаарын хийнд хордож иргэд амиа алдах боллоо. Манай судлаачид энэ нөхцөлд байдалд дүн шинжилгээ хийдэг л дээ. 2019 онд 2,568 хүн угаартаж, 15 нь нас барсан байна. 2022 онд 26 иргэн угаартаж амиа алдсан, 2023 оны статистикаас харахад 2679 иргэн угаартаж, 57 нас баралт бүртгэгдсэн. Энэ оны байдлаар 22 иргэн мөн л угаарын улмаас нас барсан байна хэмээн ярихыг харж суусан Жүгдэр гуай ийм мэдээ сонсох бүрт л гуниг төрөх юм. Цэлгэр уудам Алтай нутгаа орхиод өмхий угаар дунд ингэж ч суух гэж дээ. Буцаад нутагтаа очдог ч юм уу хэмээгээд охин руугаа харвал Уранзаяа нутаг буцлаа гэхэд очоод яаж шуухан амь зуух вэ гэдэг хэцүүхэн зүйлтэй дөрвүүлээ нүүр тулгарна шүү дээ. Тэгэхээр соёл иргэншлээ дагаад эндээ байсан нь хүүхдийн ирээдүйд дээр биз дээ. Хүмүүс утаатай тэмцэж, жагсахаар болсон гэсэн. Тэгэхээр ямар нэг гарц гаргалгаа олдох байлгүй дээ ээж ээ гээд нүүрсний хувингаа шүүрэн гарлаа. Нүүгэлтэж сааралтсан утаанд тэнгэрийн одод ч үзэгдэх янз алга. Уранзаяа эргэн тойрноо сүрхий ажсанаа гэр рүүгээ яаран орлоо.

Ээж ээ, галдаа ахиухан нүүрс хийчих үү гэхэд даарахгүй зэрэгтэй байхад л болно доо. Шөнө бүр л ээж нь та нарын өмнөөс түгших юм. Болдог бол энэ угаар мэдрэгчийг өвөртлөөд унтмаар санагдах юм. Даанч хэсгийн ахлагч Баганаас уяарай, эсвэл унинаасаа хавчуулаарай гэсэн болохоор тэнд нь байлгахаас өөр арга алга гэж хэлээд угаар мэдрэгч рүүгээ сүрхий харлаа.

Жүгдэр гуайн өдөр бүрийн ганц хүсэл маргааш амьд л байгаасай гэсэн залбирал болжээ.

Агаарын бохирдол ханиад томуу хүндрэхэд нөлөөлж байна
Агаарын бохирдол ханиад томуу хүндрэхэд нөлөөлж байна
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.