Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Дүүдээ: Шилжилт хөдөлгөөнөөс үүдсэн боловсролын салбарын ачаалал буурахгүй байна

Ангилал
Сонгинын хүн
Огноо
Унших
11 минут 27 секунд

Нийслэлийн захын дүүргийн нэг Сонгинохайрхан хүн амын төвлөрөл ихтэй. Тэр ч утгаараа боловсролын салбарын ачаалал нь эрс өсч буй. Энэ талаар тус дүүргийн Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээтэй ярилцлаа.

-Сар хагасын дараа 2022-2023 оны хичээлийн шинэ жил эхлэх нь. Дүүргийн хувьд хэдэн сургууль, цэцэрлэг засвартай байна?

-Дүүргийн хэмжээнд шинээр долоон сургууль баригдаж, дөрвөн сургуулийг өргөтгөж байна. Цэцэрлэгийн 15 барилгаас шинээр 10, өргөтгөлтэй тав. Хоёр бага сургуулийн барилгыг өргөтгөж байгаагаас 2022-2023 оны хичээлийн жилд 40,50 хувь нь ашиглалтад орох нөхцөл үүсээд буй. Үлдсэн хувь нь, хөрөнгө санхүүгээс шалтгаалан зогссон. Гүйцэтгэгчдийн зүгээс хил гааль хаалттайгаас барилгын материал орж ирэхгүй байна, удаашралттай, үнэ өссөн зэрэг шалтгаантай. Яам болон нийслэл аль аль талдаа дэмжээд шахаж ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ялангуяа, цэцэрлэгүүдийн барилгыг бүрэн ашиглалтад оруулна. Дүүргийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг ч байгуулагдаад ажиллаж байна.

-Нийслэлийн бусад дүүрэгтэй харьцуулахад Сонгинохайрханд орон нутгаас шилжин ирэгсэд ихээр төвлөрдөг дүүрэг. Энэ ч үүднээс дүүргийн хэмжээнд цэцэрлэгт орох насны хэдэн хүүхэд байна. Тооцоо судалгаа гарсан уу?

-Одоохондоо нарийн статистик тоо гараагүй байна. Нэг ийм зовлон байдаг. Үндсэн оршин суугч хүүхэд бүртгэлтэй хаягаараа шууд харъяаллын сургуульдаа суралцдаг. Харин түр оршин суугч хүүхдийн хувьд сургуулиас гадуур үлдчих эрсдэл үүсдэг. Ялангуяа, наадмын дараа намар гэдэгчлэн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхтэй зэрэгцэн түр оршин суугчид эрс нэмэгдчихдэг. Тийм ч болохоор одоо статистик гаргачихаар дэгс тоо гарах эрсдэлтэй. Өнөөдөр Засаг даргын орлогч Ундармаа даргаар ахлуулсан ажлын хэсэг хуралдаад хороодод энэ сарын 30-ны дотор тоогоо эцэслэн гарга гэсэн чиглэл өгсөн. Энэ жил нэгдүгээр ангид орох хүүхдүүдийн хувьд ч ялгаагүй. Мөн адил эцэслэсэн байдлаар ирэх сарын наймдугаар сарын 10 дотор нэгдсэн тоо гарна. Статистикаа гаргаж байж хамран сургах тойргоо тогтоодог л доо. Тухайлбал, 33 дугаар хороо, дүүргийн баруун зүг нь шилжин ирэгсэд их төвлөрдөг хэсэг. Ачаалал их авч байгаа сургуулийн ачааллыг багасгах замаар хамран сургах тойргоо тогтоодог жишигтэй юм.

-Ер нь, сургууль, цэцэрлэгийн ачаалал буурах хандлага ажиглагдах юм уу?

-Үгүй ээ. Жил бүр өсч байна. Уг нь, өнгөрсөн дөрвөн жилд дүүрэгт сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зориулж 76 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирсэн. Бусад дүүргээс хамгийн өндөр үзүүлэлттэй. Хамгийн олон сургууль, хамгийн олон цэцэрлэг баригдсан дүүрэг. Тэгсэн ч шилжилт хөдөлгөөнөөс үүдсэн боловсролын салбарын ачаалал буурахгүй байна. Ерөнхийдөө, сургуулийн хувьд 99 хувийн хамрагдалтай. Нэг хувь нь, өөр дүүргийн сургуульд харъяалалтай хүүхдүүд гэсэн үг. Харин цэцэрлэгийн хамрагдалт 80 гаруй хувьд хүрсэн ч, шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор буцаад л хувь буурах хандлагатай байна. Гэхдээ олон цэцэрлэг ашиглалтад орохоор өсөх байх аа.

-Боловсролын салбарын ачааллыг үүрч байгаагийн хувьд хүн амын шилжилттэй холбоотой санал хүсэлтээ холбогдох газарт нь уламжилдаг уу?

-Жилийн өмнө 112 дугаар сургуулийг 1200 хүүхдийн суудалтайгаар өргөтгөсөн. Хамран сургах тойргийн хүүхдээ бүрэн хамруултал энэ жил гурван ээлжээр хичээллэх гэж байна. Яасан бэ гэхээр, 33 хороонд шилжин ирэгсэдийн тоо нэмэгдсэн. Энэ хүн амын өсөлтийг холбогдох шатны байгууллагын удирдлагуудад танилцуулдаг. Хүн бүр ерөнхий боловсрол үнэгүй эзэмших эрхтэй учраас оршин суух хаяг нь тодорхойгүй байсан ч сургуульд авдаг. Нэгэнт хотод ороод ирсэн айл чинь буцаж нүүнэ гэж байхгүй. Гол нь, иргэд их хариуцлагагүй байна. Хүүхдийнхээ сургуулийг тодорхой болголгүй нүүж ирсэнээс хүүхэд хохирдог. Олон сургууль дамжин шилжсэнээр хүүхдийн сурлага мууддаг, шинэ орчинтойгоо дасан зохицох гэж жилийн хугацаа алддаг. Нөгөөтэйгүүр, эмээ, өвөө, хамаатан садан дээрээ амьдардаг хүүхдийн асуудал байна. Бид тавиул хүүхэд гэж нэрлэдэг л дээ. Хичээлийн шинэ жилд ийм тавиул хүүхдийн тоо огцом өсдөг. Эцэг эх нь Солонгост эсхүл хөдөө уурхайд ажилладаг гэх мэт шалтгаантай. Бүр хичээлийн бүтэн нэг улирал дуусчихсан байхад учраа олохгүй яваад хугацаа алдчихлаа гээд хүүхдээ дагуулаад орж ирдэг хүмүүс ч бий. Журамдаа иргэний харъяаллаа шилжүүлээгүй бол сургуульд авах хэцүү. Гэхдээ хүүхдийн сурч хөгжих эрхийг нь хангахын тулд сургуульд авдаг.

-Багш нарын хүрэлцээ хэр байна. Ямар хичээлийн багш дутагдалтай байх тооцоо судалгаа гарсан бэ?

-За, бага ангийн багш нарын хүрэлцээ маш бага байна. Нэгд, бага ангийн багш бэлтгэдэг сургууль бага байна. Хоёрт, энэ мэргэжлээр суралцах оюутан залуус цөөрсөнтэй холбоотой. Нийслэлийн хэмжээнд аль ч дүүргийн боловсролын хэлтсийн толгойн өвчин болж байгаа байх. Бага ангийн багш маш эрэлт хэрэгцээтэй байдаг. Бүгд л бага ангийн багш байна уу гэж эрж сурж байна. Сувилагчийг төрөөс үнэгүй бэлддэг шиг бага ангийн багшийг адилхан бэлдэж өгөөч ээ гэдэг хүсэлтээ ч дээд шатны байгууллагад тавьсан байгаа. Мөн байгалийн ухааны буюу хими, физикийн багш ховордоод байна шүү.

-Дүүргийн бүх сургууль нийгмийн ажилтан, эмчтэй болсон уу. Сэтгэл зүйч ажиллуулна ч гэж яриад байгаа шүү дээ?

-Тийм ээ. Бүх сургууль эмч, нийгмийн ажилтантай. Энэ жилээс Боловсролын яамнаас бүх сургуулийг сэтгэл зүйчтэй болго гэсэн чиглэл өгсөн. Манай дүүргийн хувьд гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг тулгамдсан асуудалтай хүүхэд олон бий. Ялангуяа, гэр хороололд. Саяхан дүүргийн Прокурорын газар, Тамгын газар, цагдаа хамтран энэ талаарх семинар хийсэн. Сургууль дээр мэдэгдэж байгаагаас гадна далд хэлбэртэй их байна гэсэн судалгаа ч гарсан. Гэтэл сургуулийн нийгмийн ажилтан хүрэлцдэггүй. Нэг сургууль хоёр нийгмийн ажилтантай ч, гадуур явж ажиллана, олон эцэг, эхтэй уулзана, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэйгээ ажиллана гэх мэт ачаалал нь их. Бид хүүхдээ цахим ертөнцийн муу муухайгаас хамгаалах хэрэгтэй байна. Өсвөр насны хүүхдүүд интернетэд хэтэрхий донтох, хар тамхи хэрэглэх, газ үнэртэх гэх мэт хэрэгт холбогдож байна. Үе тэнгийн хүүхдүүдийн хүчирхийллийн асуудал байна. Цагдаагийн байгууллагатайгаа хамтран олон ажил хийж байна. Энэ бүхэнд сэтгэл зүйчийн оролцоо маш хэрэгтэй.

-Элсэлтийн ерөнхий шалгалтаар дүүргийн хэмжээнд таван хүүхэд 800 оноо авсан байх аа. Шинэ хичээлийн жилд үр дүнгээ өгсөн “Boom” хөтөлбөр хэрэгжих үү?

-Тийм ээ. Хөтөлбөр хэрэгжээд багагүй хугацааг үджээ. Амжилттай шалгалтаа өгсөн эдгээр хүүхэд болон бэлтгэсэн сургууль, багш нарыг 2022-2023 оны хичээлийн жилд дүгнэж, урамшуулдаг уламжлалтай. Ирэх жил уг хөтөлбөр хэрэгжих эсэхийг хэлэхэд эрт байна. Учир нь, өнгөрсөн хичээлийн жилийн алдаа оноогоо дүгнэж, хэрэгжүүлбэл ямар төвшинд хэрэгжүүлэх эсэхээ тодорхойлсны дараа яригдах байх аа.

-Бид хүүхдийн сурлагад анхаарахаас гадна амьдралын чиг баримжаатай болгох, зөв хүн байх талаар ажиллах ёстойг хүүхдийн орчинд гарч байгаа хэргүүдээс ажиглагдах боллоо ?

-Боловсролын сургалтын талаар олон асуудал яригдаж байгаа. УИХ-ын чуулганаар Боловсролын тухай багц хууль хэлэлцүүлэхээр орж байна. Боловсролын ерөнхий газар гэж шинэ агентлаг байгуулагдлаа. Тэгэхээр боловсролын асуудлыг өргөн цар хүрээтэйгээр шийдвэрлэх байх. Манай хэлтсийн хувьд таны хэлсэнчлэн хүүхдийн сурлагыг дээшлүүлэхээс гадна суурь хүмүүжил,төлөвшил, сурагчийн болон сурган хүмүүжүүлэгчийн хандлагатай холбоотой нэлээн том ахицтай ажил хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Тухайлбал?

-Батлагдсан хөтөлбөрөөс бусад чөлөөт цагт сургуулиуд хүүхдэд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Жишээ нь,дүүргээс хүүхдүүдэд амьдралын чиг баримжаа олгох зорилготой “Хөдөлмөрч хүүхдүүд” зуслан энэ сарын 18-нд нээлтээ хийлээ. Энэ зусланд таван ээлжээр дүүргийн 300 орчим хүүхдүүд амарна. Хүүхдүүд гэр барих, үхэр мал саах, чөдөр ногт зангидахыг амралтынхаа хугацаанд суралцах бүрэн боломжтой. Түүнчлэн тухайлсан сургуулиудад гэр бүлд нь байгаа капитал хөрөнгө газраа ашиглаж, хэрхэн өрхийнхөө төсвийг нэмэгдүүлж болох талаарх хөтөлбөр яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл, сургуулиудад газар олгож, сурагчдад хүнсний ногоог хэрхэн тарихыг заах зорилготой. Коронагаас болж зогссон ч, ирэх жилээс хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

-Танай хэлтсээс ирэх хичээлийн жилд ямар бодлого баримталж ажиллах вэ?

-Сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх нь нэн тэргүүний асуудал болоод байна. Нэг ч гэсэн хүүхдийг хаалганы цаана үлдээхгүй, нэг ч гэсэн хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох юмсан гэж хичээж байна. Дараагийнх нь, дутуу сургууль, цэцэрлэгийн барилгаа хугацаанд нь ашиглалтад оруулмаар байна. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэгчлэн сургууль, цэцэрлэг нь бэлэн байвал бүх хүүхдийн сурах эрх хангагдана шүү дээ. Болж өгвөл суудлын стандартаа бариад багшийн ажиллах орчныг бүрдүүлчихвэл боловсролын салбарт бага багаар ахиц гарна байх аа.

Сонгинохайрханчууд  шинэ Соёлын ордонтой болно
Сонгинохайрханчууд шинэ Соёлын ордонтой болно
 
“Цөмөөч ханхүү ба хулганы хаан” балетад хүүхдүүд ээжтэйгээ тоглоно
“Цөмөөч ханхүү ба хулганы хаан” балетад хүүхдүүд ээжтэйгээ тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.