БОАЖЯ-наас 2024 онд хүлэмжийн хийн ялгарлыг 12,3 хувиар багасгахын тулд 92 сая тн нүүрсхүчлийн хийд тэнцэх хэмжээний хүлэмжийн хийг бууруулах шаардлагатай гэж мэдээлсэн билээ. Улаанбаатар хотын сэтгэл зовнисон асуудал болсон хог дахин боловсруулах салбарт сүүлийн тав, зургаан жил ямар өөрчлөлт гарсан бол. Энэ талаар Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо НҮТББ-ын тэргүүн Д.Батжаргалтай ярилцлаа.
- Улаанбаатарт жилдээ хэдэн тн хог гардаг вэ. Бид боловсруулж чадаж байна уу?
-Жилдээ сая 400 мянган тн хог гардаг. Гэхдээ хичнээн тн хог хатуугаар, хичнээнийг нь ялгаж байна вэ гэдгээ нарийн тогтоох шаардлагатай байна. Тоо баримт тодорхой бол үйл ажиллагаа нь ойлгомжтой болно шүү дээ. Өнөөдөр ойлгомжгүй, тодорхойгүй зүйл их байна. Манай холбооны гишүүн энгийн хог боловсруулах 42, аюултай хог боловсруулах 12 үйлдвэр байна. 2019 онтой харьцуулахад энэ бол том тоо. 2019 онд аюултай хог боловсруулах тусгай зөвшөөрөлтэй нэг ч компани байгаагүй. 2009 онд Монгол Улс дахин боловсруулах 2,3 үйлдвэртэй байлаа. Одоо 42 үйлдвэрээс ажиллаж байгаа нь 30-аад үйлдвэр байна. Бусад нь түүхий эд, мөнгө, борлуулалтгүйгээс зогсчихоод байна шүү дээ.
-Нийслэлийн орон сууцны хороолол төдийгүй гудамж талбайд дахивар түүхий эд хөглөрч байна шүү дээ?
-Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах Парисын хэлэлцээрт нэгдэх үед жилд 50 сая тн нүүрсхүчлийн хий ялгаруулдаг байснаас 4,8 хувь буюу бараг 2 сая тонн нь хог хаягдлын салбараас гарч байж. Хэлэлцээрт нэгдсэнээс хойш өнгөрсөн найман жилд юу өөрчлөгдөв, хүлэмжийн хийн ялгарал багассан уу... Тэр байтугай үүнийг багасгах талаар улсын хэмжээнд болон нийслэлийн төсөвт огт мөнгө төсөвлөөгүй. Түүнчлэн олон улсын кредит санд хийсэн ажлаа албажуулаагүйгээс нэг тн нүүрсхүчлийн хийг багасгахад олгодог 10еврогийн буцалтгүй тусламж авах боломжоо ч ашиглаж чадахгүй байна. Энэ чинь 2 сая тн нүүрсхүчлийн хийг багасгаж чадвал 20 сая евро авна гэсэн үг. Бодит үнэн бол, энэ салбар 30 гаруй үйлдвэрийн нуруун дээр л дэнчигнэж байгаа. Тодорхой төсөвтэй, чиглэлтэй, дэмжлэг байж гэмээнэ олон улсын өмнө амласан амлалтдаа хүрнэ шүү дээ. Тэрнээс хоосон уриалаад хэрэгждэг зүйл хорвоод байхгүй. Таны хэлсэнчлэн, дахивар боловсруулах үйлдвэрийн түүхий эд Улаанбаатар төдийгүй хөдөө орон нутагт байгаа нь үнэн. Гэвч бидэнд дахивараа очоод авах эрх ч алга. Ядаж л,ангилсан хог зөөдөг машиныг хогны машинтай адил хотын төвөөр явах эрхтэй болмоор байна.
-Хог хаягдлыг дахин боловсруулах хуулийн 14.4 дүгээр зүйлд “Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх чиглэл, хуваарийг энэ хуулийн 14,2-т заасан гэрээ байгуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тогтоож, сум дүүргийн Засаг даргаар батлуулж мөрдөнө” гэж заасан байдаг. Ямар шалтгаанаар хотын төвөөр явах эрхгүй юм бол?
-Ноднин нийслэлийн ИТХ-аар журмаа хэлэлцүүлэх гэсэн ч төлөөлөгчид дэмжээгүйгээс буцсан. Уг нь, урамшууллаар, тэтгэлгээр янз бүрээр дэмжих ёстой баймаар. Газарт булж, олон арван жилийн дараа хөрсөнд нөлөөлөх хогийг боловсруулан бүтээгдэхүүн болгож байгаа үйлдвэрт дэмжлэг үзүүлэх нь зүйн хэрэг мэт. Гэвч дэмжлэг алга. Бод л доо. Жилдээ 120 мянган тн хогийг дахивар болгож ашиглаад 70 тэрбумын эдийн засгийн эргэлт бий болгож байгаа шүү дээ. Өнөөдөр хотын төвөөр зөвхөн ТҮК-ийн машин л явж хогоо авах эрхтэй хэвээрээ байна. Уг нь, боловсруулж л байгаа болохоос дахивар ч гэсэн хог. Энэ үүднээс дахивар авдаг машинуудыг ТҮК-ийн хог ачих өдөртэй зөрүү байдлаар тогтоож, түүхий эдээ авах нөхцөлөөр хангамаар байна. Ядаж, нийслэлийн айл өрх, албан байгууллагаас гарч байгаа дахивараа авчихдаг, түүхий эдийн хомсдолд орохооргүй л ажилладаг болмоор байна. Хүн байгаа цагт хог тасралтгүй л гарна шүү дээ.
-Болж, бүтэж байна гэж л нийслэлийн удирдлагууд мэдээлж байсан шүү дээ?
-Сөхвөл зөндөө л асуудал байна. ТҮК хогийн цэгт сая 400 мянган тн хог хүргэж өгөөд 20 тэрбум төгрөг хог хаягдлын сангаас авч байгаа бол яагаад 120 мянган тн хогийг булахгүй эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа дахин боловсруулах үйлдвэрүүдэд дэмжлэг болгож, арван хувь буюу 2 тэрбум төгрөг өгч болохгүй гэж. Ингэвэл дэмжлэг болно. Тэрнээс баярын бичиг өгөөд урамшуулж байна гэж яриад хэрэггүй. Одоо Улаанбаатар хотын удирдлагууд эрх мэдэлтэй болчихлоо. Байгаль экологийн төлөө хийсэн сайн үйлийнх нь хариуд хог дахин боловсруулах үйлдвэрийн цахилгааны зардлыг тодорхой хэмжээгээр хөнгөлдөг, ажиллаж байгаа ажилчдын нийгмийн даатгалыг хөнгөлдөг урамшуулал баймаар байна. Нийтдээ, 40 гаруй үйлдвэрт 2000 гаруй хүн ажиллаж, амьдрал ахуйгаа залгуулж байна шүү дээ.
- Ер нь, бид ямар хогоо боловсруулж чадаж байна вэ?
-Жишээ нь, хуванцар боловсруулах 26 үйлдвэр ажиллаж байна. Энэ дотроос 1,2,3,4,5 гээд эхний таван номерын хуванцарыг боловсруулж, зарим нь эцсийн бүтээгдэхүүн болж байна. Энэ чинь кластерийн системд орсон гэсэн үг. Зургаа, долоо буюу машины эд анги, уул уурхайн болон химийн бодисны зориулалттай полистрол том сав хараахан хийж амжаагүй байна. Нэлээд том хөрөнгө оруулалт хэрэгтэй. Шилний хувьд хоёр,гурван үйлдвэр түүхий эдээ нөөцөлж авч байна. Ажилласан масло боловсруулах тусгай зөвшөөрөлтэй таван үйлдвэр байна. Аюултай хог хаягдал буюу хар тунгалаг боловсруулах зөвшөөрөлтэй таван аж ахуй байна. Харин хөнгөн цагаан, хайлш, лааз боловсруулах үйлдвэр байхгүй учраас урд хөрш рүү экспортолж байна. Цаасыг картонон цаас болгох нэг үйлдвэр ажиллаж байна. Ер нь, энэ зундаа хоёр үйлдвэр ажиллана гэхээр хоногтоо 60 тн хаягдал картонон цаас боловсруулна. Энэ нь импортыг орлох бор цаас үйлдвэрлэнэ. Одоогийн байдлаар жилд 6 тонныг боловсруулж байна. Дугуй боловсруулах нэг үйлдвэр ажиллаж байна. Энэ жил том оврынх нь үйлдвэр нэмэгдэхээр авто замын салбарт дүүргэгч материал нийлүүлж эхэлнэ. 2023 он гэхэд нэмэгдэхүйц чанаржина. Хөдөө орон нутагт байгаа түүхий эдийг хот руу оруулдаг механизмтэй болчихвол манай үйлдвэрүүд түүхий эдээр тасрахгүй.
-Гэрээс гарч байгаа дахивар хог бүр мөнгө гэдгийг ойлгуулбал хэнч дуртай хогоо ангилна?
-Төрөөс хууль эрх зүйн орчны хүрээнд үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах боломжоор хангаад өгвөл ойлгомжтой шүү дээ. Тийм юм алга. Наанадаж, ангилсаныг нь урамшуулдаг, ангилаагүйг нь Зөрчлийн хуулиар торгууль ногдуулдаг байх хэрэгтэй.Та харсан байх. Хаа сайгүй орон сууцны хороолол дунд тавьсан контейнерт иргэд хогоо ангилж хаяж байна уу. Ангилсан байлаа ч ТҮК-ийн машин холиод л хамаагүй ачдаг. Тэдэнд ялгаад зогсох шаардлага байхгүй. Хэчнээн тн хог ачина, тэр мөнгөө л авна. Тэгэхээр философ нь буруу яваад байна гэсэн үг.
-Хог боловсруулах салбарт ажиллаж байгаа аж ахуй нэгжийг дэмжсэн эдийн засгийн дэмжлэг байдаггүй байх нь ээ?
-Байхгүй ээ. Бор зүрхээрээ өөрсдөдөө ажлын байр бий болгож ажиллаж байна. Хувь хүний бизнес гэж харахаасаа илүүтэй манай нийслэлийн удирдлагууд хэчнээн хувиар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж чадаж байна вэ гэж хардаг байсан бол ч. Сүүлийн 10 гаруй жил хогоо дахин боловсруулах талаар ярилаа, хэлэлцлээ байдал өөрчлөгдсөнгүй. Бод л доо. Японд засаг нь дахин боловсруулах үйлдвэрийн 50 хувийг нь гаргадаг юм билээ. Үйлдвэрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн тутамд монгол төгрөгөөр 400 төгрөг төсвөөс өгдөг. Өөрөөр хэлбэл, хүлэмжийн хий ялгаруулаагүйн төлөө урамшуулал гэж олгодог .Монголд юу байгаа юм. Юу ч байхгүй. Тэгсэн мөртлөө сайхан худлаа хог хаягдлаа ангилъя гэж ярьдаг. Ангилах саванд хогоо ангилж хийж байгаа хүн байтугай машин ч байхгүй. Оцойтол нь урамшуулдаггүй юм аа гэхэд ажиллах нөхцөлийг нь хангаад өг л дөө. Бид мөнгө нэхээгүй, манай дахиварын машиныг төвийн бүсэд чөлөөтэй нэвтрүүлээд өгөөч л гэж гуйгаад байгаа. Төвийн 100 хороонд 100 машин ажиллавал хэнээр ч хэлүүлэлтгүй унаатайгаа очоод хэрэгтэй дахивараа авчихна. Харах өнцгөө өөрчилмөөр байна, нийслэлийн удирдлагууд. Далайцтай, хэцүү ажил гэхээсээ илүүтэй иргэд дахивараа тушааж мөнгөтэй болоод зогсохгүй амьдарч буй орчноо цэмцгэр болгож, байгальд тустай үйл хийж байна гэдгийг л сайн ойлгуулмаар байна. Үүнд, хотын захиргааны нэгдсэн бодлого,дэмжлэг үгүйлэгдэж байна даа.