Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Дүүдээ : Сургуулийн өмнөх боловсролд 23322 хүүхэд хамрагдаад байна

Ангилал
Сонгинохайрхан Нийгэм
Огноо
Унших
7 минут 24 секунд

Хичээлийн шинэ жил эхлээд багагүй хугацаа өнгөрөөд байна. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд сургуулийн суудлын хүрэлцээ, цэцэрлэгийн насны хүүхдийн хамрагдалт ямар байгааг дүүргийн Боловсролын хэлтсийн дарга А. Дүүдээтэй ярилцлаа.

-Сургуулийн өмнөх боловсролын нэгдүгээр бүртгэлээр өмнөх жилүүдийн олон асуудлыг нэг дор шийдлээ. Дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны бүх хүүхэд хамрагдаж чадсан уу?

-Нэгдүгээр бүртгэлээр сургуулийн өмнөх боловсролд 31 мянган хүүхэд хамрагдана гэж судалгаа байснаас 23322 нь бүртгэгдлээ. Статистикийн судалгаагаар 31мянга гэж гарсан ч сүүлд хороодтойгоо хамтран хийсэн судалгаагаар 29000 гэж гарсан. Ингэхээр 80 хувь нь бүртгэгдсэн гэсэн үг. Бүртгэлд хамрагдаагүй хүүхдүүдийн хувьд түр оршин суугч гээд үлдчихэв үү гэж хараад байна. Хоёрдугаар бүртгэлээр үлдсэн хүүхдүүдийн бүртгэл тодорхой болно.

-Орон тооноосоо хэтэрсэн ачаалалтай цэцэрлэг байна уу. Сүүлийн хоёр, гурван жилд зарим хороонд барилгажилт, орон сууцны хороолол баригдсанаар хүүхдийн тоо өсч байгаа байх?

-Байлгүй яахав. Дүүргийн 27,19 дүгээр хороо байна. Өөрөөр хэлбэл, суурьшлын бүсэд орон сууц түлхүү баригдсан Содон хорооллоос авахуулаад шинэ хороолол баригдахаар түүнийгээ дагаад цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ өсч байна. Бид яам, нийслэлийн Боловсролын газартай хамтраад түрээсийн байраар шийдэж байна. Эхнээсээ хүүхдүүдээ аваад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн, бүлэг дүүргэлт 40-45 байна. Ямар ч байсан нэг ч хүүхдийг цоожтой хаалганы цаана үлдээхгүй гэсэн Засгийн газрын шийдвэр байгаа учраас сургуулийн өмнөх боловсролд бүх хүүхдийг хамруулна. Хоёрдугаар бүртгэлээс хуваарилалтаа яаж хийх үү гэсэн гаргалгаагаа гаргаж шийднэ дээ. Бүртгэлээр өөр дүүрэг рүү явсан, хорооноосоо хасалтаа хийгээгүй гээд тодорхой болно байх аа. Ер нь, аль аль талдаа хиймэл тоо яваад байна гэсэн үг.

-Гэр хороолол түлхүү хороо олон байгаа. Түрээсийн болон гэр хэдэн цэцэрлэг байгаа вэ?

-Дүүргийн хэмжээнд дөрвөн цомцог гэр баръя гэж байсан ч болиод хоёр цэцэрлэгт л барьж байна. Нэг нь 90 гаруй хувьтай. Нөгөө нь, дөнгөж сая над руу яриад материалаа буулгаад барих гэж байна гэж мэдэгдсэн. Гэхдээ яамнаас хүүхдийн аюулгүй байдал, тав тухыг нь бодолцон халах шийдвэр гаргаж байгаа ч, манай дүүргийн хувьд зарим хороо үнэхээр барилгажилтгүй гэр хороолол түлхүү болохоор гэр цэцэрлэг ажиллуулахаас аргагүйд хүрч байна. Жишээ нь, 158 дугаар цэцэрлэг. Энэ ойр хавьд түрээслэх байшин сав юу ч байхгүй, гэр хороолол дунд. “Нямбаатар” сангийн хөрөнгөөр 100 хүүхдийн суудалтай цэцэрлэг баригдаж байгаа. Энэ цэцэрлэг 10 сард ашиглалтад орохоор цэцэрлэгийн тал гэр нь бууж, тал нь үлдэнэ. Ирэх 2023 онд ахиж өргөтгөл барих уу гэсэн шийдтэй байна. Бусад цэцэрлэгийн хувьд гэр цэцэрлэг байхгүй. Харин түрээсийн найман цэцэрлэг л байгаа.

- Цэцэрлэгийн дутагдлыг байнгын түрээсээр шийдэхгүй байх. Цаашдаа яах вэ?

-Ерөнхийдөө бүх шийдлээр яриад явж байгаа. Мэдээж, жил бүр түрээслээд явна гэж байхгүй. Дүүргийн хэмжээнд цэцэрлэг, сургууль руу чиглэсэн 29 арга хэмжээний хүрээнд хоёр бага сургууль, долоон сургууль, 10 цэцэрлэг баригдаж байна. 2023 онд бүгд ашиглалтад орчихно. Асуудлын гол нь, нийслэлд оршин суух иргэдийн нүүдэл зогсохгүй бол мөнхийн асуудал болох нь. Үнэндээ, Сонгинохайрхан дүүрэг хамгийн их сургууль, цэцэрлэгтэй шүү дээ.Төрийн өмчийн бараг 80 гаруй цэцэрлэгтэй, 40 гаруй сургуультай болох нь. Хүүхэд бүрийг цэцэрлэг, сургуультай болгох ёстой гээд жил бүр шахуу сургууль, цэцэрлэг бариад нүүдлийн хурдыг гүйцэхгүй байна. Намар болохоор л нэг айлын хашаанд хоёр, гурван айлтай болчихдог. Тэгээд л цэцэрлэгийн бүлэг дүүргэлт 35,40 хувьд хүрчихдэг. Жишээ нь, дүүргийн 33 дугаар хороо буюу Тахилтад гэхэд л нондин 640 хүүхдийн өргөтгөл сургууль барьсан. Тэгсэн өнгөрсөн жил нээлтээ хийгээд хэвийн хичээллэсэн сургууль энэ жил гурван ээлжинд орчихсон. Учир нь, хөдөө орон нутгийнхны хамгийн ихээр нүүж суурьшдаг бүс болохоор. Ирэх жил бага сургууль, цэцэрлэг барих уу гээд л төлөвлөгөө яригдаж байна.

-Хувийн цэцэрлэгт хүүхэд нь хамрагдсан зарим эцэг, эх тал төлбөрийг нь өгөхгүй гэсэн гомдол гаргасан байсан. Ийм гомдол, санал ирсэн үү?

-Хувийн цэцэрлэгт хүмүүжих хүүхдийн төлбөрийг улс бүрэн дааж байгаа. Тэгсэн ч эцэг, эхчүүд хүүхдээ хувийн цэцэрлэгт өгөхгүй, улсынхад оруулна гэсэн гомдол мэдүүлж байгаа. Сургалтын чанар, улсынх нь дээр гэж боддог юм уу бүү мэд. Оршин суух бүртгэлийнх нь дагуу цахимаар хэн нэгний оролцоогүйгээр хуваарилсан шүү дээ. Улсын цэцэрлэгийн ачааллыг бууруулахын тулд хувийн цэцэрлэг рүү хуваарилж байгаа учраас сургалтын чанар, багшийн боловсрол ялгаагүй. Дүүрэг, нийслэлийн Боловсролын газраас хянаж байгаа, адилхан сургалтын хөтөлбөртэй.

-Хамгийн олон сургууль, цэцэрлэгтэй дүүргийн хувьд гадны боловсролын системийн авууштай талыг нутагшуулахыг зорьдог байх. Саяхан Оросын Гэгээрлийн яамны ажлын хэсэг ч ирж уулзсан байх аа?

-Одоогоор 162 дугаар сургууль Орос-Монголын сургууль болох эсэхийг хэлэхэд эрт байна. ОХУ-ын Гэгээрлийн яамны ажлын хэсгийнхэн хоёр сургуулийг ирж үзээд аль сургуулийг нь сонгохоо оны өмнө шийдвэрээ танилцуулна гэж мэдэгдсэн. Үүнээс гадна Учрал гишүүний санаачилгатай 151 дүгээр сургуулийг Кембрижийн хөтөлбөртэй болгохоор бэлтгэл ажил хангагдаж байгаа. Багш нарыг нь чадавхижуулахаар англи хэлний сургалтад хамруулж байна. Эдгээр сургууль тусгайлсан хөтөлбөртэй болчихвол хамран сургах тойрог гэхгүй хүүхдүүд суурь шалгалтаа өгөөд суралцана. Бидний хувьд хамгийн таатай шүү дээ.

“Эрүүл мэндийн төв“-ийн өргөтгөл ашиглалтад орлоо
“Эрүүл мэндийн төв“-ийн өргөтгөл ашиглалтад орлоо
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.