Брюссельд өчигдөр/2022.06.23/ Европын холбооны удирдагчдын дээд хэмжээний уулзалт болсон. Энэ үеэр холбооны 27 удирдагчийн дэмжлэгтэйгээр Украинд албан ёсны нэр дэвшигчийн статусыг нь олгов.
Украинаас гадна Молдав ч мөн нэр дэвшигчийн статустай болжээ. Харин Гүржийн хувьд улс төрийн тогтвортой байдлыг хангах шинэчлэлийг хүлээж, хүлээлгийн жагсаалтад үлдсэн байна.
Европын зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель энэ үйл явдлыг "Түүхэн мөч" гэж нэрлэжээ. Тэрбээр Украин болон Молдавын ерөнхийлөгчдөд баяр хүргэж, “Бидний ирээдүй хамтдаа” гэж хэллээ. Зеленский уг шийдвэрт чин сэтгэлээсээ талархаж, “Украины ирээдүй Европын холбооны хүрээнд байна” гэжээ.
Нэр дэвшигчийн статус гэдэг нь Европын холбоонд элсэх үйл явц эхний шатандаа явж байгааг хүлээн зөвшөөрдөг бэлгэдлийн шинж чанартай зүйл юм. Бэлгэдлийн шинж чанартай ч гэсэн энэ нь дайнд нэрвэгдсэн Украины хувьд геополитикийн ялалтыг илэрхийлж байна. Албани, Хойд Македон, Монтенегро, Серби, Турк улсууд сүүлийн жилүүдэд нэр дэвшигчийн статустай болсон.
Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон “Бид Украины ард түмэнд өртэй. Тэд бидний үнэт зүйлсийн төлөө тэмцэж байна” гэж хэлсэн. Харин Германы канцлер Олаф Шольц “27 удаа тийм! Европын гэр бүлийн хамтын ажиллагаа энд л байна” гэж хэлжээ.
Нэр дэвшигчийн статус олгох боломжтой болсон шинэчлэлийн явцын талаар энэ оны эцэс гэхэд Европын зөвлөлд тайлагнах юм байна. Европын холбооны удирдагчид энэ тайланг ашиглан албан ёсны хэлэлцээг нээх илүү нарийвчилсан дараагийн алхмыг тодорхойлох аж.
Эх сурвалж: EURONEWS