Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны анхны эмч Ц.Очирдуламтай ярилцлаа. Тэрбээр эмнэлгийн барилга баригдаагүй байхад анх 76 дугаар сургуулийн гал тогооны угаалтуур дээр нь том вандан тавьж, цагаан даавуугаар бүтээгээд сувилагчтайгаа ажлаа эхэлж байсан тухай түүхээ хуучлав. Ингээд түүний дурсамжаас хуваалцсанаа хүргэе.
-Таныг Баянхошууны анхны эмч гэж иргэд хайрлаж, хүндэлдэг. Сонгинохайрхан дүүрэгтэй хэрхэн ажил, амьдралаа холбосон тухайгаа ярихгүй юу?
-Би 1979 онд одоогийн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмчилгээний ангийг төгссөн. Тэгээд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд гурван жил эмчээр ажиллаж байгаад хотын Октябрийн районы Нэгдсэн эмнэлэгт 1982 онд дотрын эмчээр ажиллаж эхэлсэн юм. Тэндээсээ шууд Баянхошуунд шинээр байгуулсан дотрын 16 дугаар цэгт очсон. Тэр үед одоогийнх шиг Баянхошуунд нэг ч барилга байшин байсангүй. Ганцхан сургууль, цэцэрлэгийн барилга л байлаа. Нийтийн автобус унаа явахгүй, хуучин эцсийн буудлаас цаашаа богинын тээвэр явдаг. Хүмүүс ихэвчлэн явган алхдаг. Манай эмнэлэг байгуулагдаагүй учраас дөнгөж шинээр баригдсан нийслэлийн 76 дугаар сургуулийн гал тогоонд байрлаж, угаалтуур дээр нь том вандан тавьж, цагаан даавуугаар бүтээгээд сувилагчтайгаа ажлаа эхэлж байлаа. Удалгүй хуучнаар Хотын гүйцэтгэх захиргаанаас шийдвэрээр хэсгийн эмнэлэг барих барилгын зураг төсөл гарч, 76 дугаар сургуулийн хажууд эмнэлгээ барьсан. Тэнд л анх Баянхошууны эрүүл мэндийн нэгдсэн төв бий болсон түүхтэй.
Дараагаар нь Сонгинохайрхан дүүрэгт Эрүүл мэндийн дөрөв, тав, найм, 14 дүгээр төвийг байгуулсан. Би Эрүүл мэндийн наймдугаар төвийн ерөнхий эмчээр 1991-2001 он хүртэл 10 жил ажилласан юм. Тэгээд 2002 онд дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн харьяа гуравдугаар амбулаторийн эрхлэгч болж, 2012 онд тэтгэвэртээ гарсан.
-Тухайн үед иргэдэд хэрхэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байв?
-Би хөдөө эмнэлэгт гурван жил ажилласан учраас хотод ачаалал багатай санагдсан. Тэр үед хотын Зайсангийн айлууд газарт орж, хуучин 500-гийн айлууд болон 3,4 дүгээр хорооллынхон газарт орж, Баянхошууны Зүүнбаян уулын 29 дүгээр хороонд суурьшсан. Харин Баруунсалаанд дандаа малтай айлууд байдаг байлаа. Тэнд эмнэлэг үйлчилгээ гэж байсангүй. Яг л “Сэрэлт” киноны Бумаа авгай шиг л ажилладаг байсан даа.
Хаа байсан Баянхошуунаас Октябрийн районы Нэгдсэн эмнэлэг дээр өглөөний 07.30 цагт сонин уншлагадаа сууна. Тэгээд ариутгасан зүү тариураа аваад, Баянхошуу руугаа явна. Тэнд Улаанбаатар хотын хэмжээнд өрх гэрийн диспансерын анхны суурийг тавьж, нэг хорооны бүх иргэнийг бүртгэлжүүлж, бор уутанд хавтаслан гэр бүлийн карттай болгосон. Одоогийн өрхийн эмнэлгийн суурийг тавьсан гэсэн үг. Иргэдээ эмнэлгийн хяналтад авна. Ажил дээрээ өдрийн 13.00 цаг хүртэл хүнээ үзчихээд, явганаар Зүүн, Баруун салааны хойд амралт хүртэл айлууд руугаа алхдаг байлаа. Хяналтын айлуудаараа явахад эмчээ хүндэлж чихрээр дайлна.
-Баянхошууны эмнэлэгт нэг эмч, сувилагч ажилладаг байсан гэхээр эмч мэргэжилтэн ховор байв уу?
-Орон тоо байхгүй байсан. Ерөөсөө тэр хавийн айл өрхүүдийг ганц дотрын эмч сувилагч л хариуцна. Сүүлд төв байгуулагдахдаа бүх нарийн мэргэжлийн эмч нар ажиллаж эхэлсэн. Гэхдээ манай Октябрийн районы нэгдсэн эмнэлэгт бүгд төвлөрч байсныг 1981 онд салгаж, том хүн болон хүүхэд гэж тусад нь салгасан. Хүүхдийн эмнэлэг байгуулахдаа хүүхдийн цэгүүдтэй болгож, долоон хүүхдийн эмч, нэг машинтай болсон. Тухайн үед бид 450, 500 төгрөгийн цалин авч байлаа шүү дээ.
-Таныг Баянхошууны иргэд одоо ч Очироо эмчээ гэж хайрлан хүндэлдэг шүү дээ?
-Би баянхошууныхандаа их хайртай.Тэтгэвэрт гарсан ч гэсэн дөрөв, таван удаа дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, хурлын дарга боллоо. Би Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул. Төрсөн нутгаас минь өөрцгүй газар бол Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу. Тэнд миний үр хүүхдүүд өсч торнисон. Үр хүүхдүүд маань мэргэжлийг маань өвлөн эзэмшсэн.
-Сүүлийн жилүүдэд Сонгинохайрхан дүүрэгт эмнэлгийн бүтээн байгуулалт өрнөж, иргэдийн ачаалал ч буурсан. Таны хувьд эрүүл мэндийн салбарын хөгжлийг хэрхэн харж байна вэ?
-Дүүрэгт шинэ Эрүүл мэндийн төвүүдийг байгуулж байгаа нь сайхан байна. Намайг дүүргийн ИТХ-ын төлөөлөгч байхад анх хүүхдийн нэгдсэн эмнэлгийг жишиг эмнэлэг болгох санал их орж ирдэг байлаа. Тухайн үеийн дүүргийн Засаг дарга Л.Найдан бүр санал оруулсан хүний нэг. Баянхошуунд одоо 150 ахмад настан хүлээж авах таван давхар эмнэлэг барьсан байна. Манай Эрүүл мэндийн нэгдсэн төвийн байр гэхэд анх 1992 онд залуучуудын орон сууц байсан юм. Одоо шинэ өргөтгөл барьж, ашиглалтад ороход бэлэн болсон байна. Уг төв мэс заслын нарийн мэргэжлийн тасаггүй байсан учраас “Номун”, Улсын нэгдсэн гуравдугаар төв эмнэлэг, “Мөнгөнгүүр” эмнэлэгт иргэдийг хүлээж авдаг байлаа. Одоо мэс заслын тасагтай болж байна гэдэг амжилт байлгүй яахав.
Миний үед шинжилгээ оношилгоог чихээрээ сонсч, нүдээрээ харж, гараараа тэмтэрч л мэддэг байлаа. Хаа байсан Баянхошуу, Толгойт, Партизанд эмч нар 14 хоног, нэг сараар очиж ажилладаг. Тэнд засмал зам байхгүй, арайхийж вагоноор очно. Тэндээс хүмүүсээ авч ирээд Октябрийн районы нэгдсэн эмнэлэгт группийн хуралд оруулдаг байсан. Одоо бүгдийг компьютер, техник төхөөрөмжөөр оношилж байна. Хүн ам нэмэгдэхийн хэрээр олон улсын стандартын дагуу үйлчилгээ явуулахыг хичээдэг болжээ. Жишиг эмнэлэгтэй болсноор дүүрэгтээ хоёр, гуравдугаар шатлалын үйлчилгээг шууд авч, ходоодны дуран, MRI, зэрэг нарийн тоног төхөөрөмжтөй болсон нь давуу тал юм.