Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ю.Цэрэнчимэг: Би 641 хүний амь аварсан

Ангилал
Сонгинын хүн
Огноо
Унших
3 минут 35 секунд

Бид энэ удаа “Сонгинын хүн” булангийн зочноор Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хорооны иргэн, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн сайн дурын ажилтан, мөнгөн донор өргөмжлөлт Ю.Цэрэнчимэгийг урьж ярилцлаа.

-Та Улаанбаатар хотод хэзээнээс эхэлж суурьшсан бэ?

-Би Говь-Алтай аймагт төрсөн. Багаасаа хотод ирж суурьшсан. Улаанбаатар хотын унаган иргэн шахам даа. Сонгинохайрхан дүүрэгт амьдраад 20 гаруй жил болж байна. Би Донорын холбооны хүндэт гишүүн хүн. Энэ холбоонд элсээд мөн л 20 орчим жил боллоо.

-Та Донорын холбооны хүндэт гишүүн гэлээ. Хэзээнээс эхэлж цусаа бэлэглэдэг болов. Одоогоор хэр хэмжээний цусаа хандивласан бэ?

-2000 оноос хойш л цусаа хандивлаж байна. Би ер нь хүмүүст тустай үйл хийх юмсан гэж их боддог байлаа. Түүнийгээ биелүүлэх гэж цусаа бэлэглэдэг болсон. Энэ сайн үйлийн маань хариу надад ирж байгаа. Үр хүүхдүүдийн минь ажил үйлс бүтэмжтэй тэгш сайхан амьдарч байна. 2013 онд анх хүндэт донор болсон. Түүний дараа хүрэл донорын эгнээнд шилжсэн. Ингээд 2019 онд мөнгөн донор болсон юм байна. Би 127 литр цус бэлэглэж, 641 хүний амь аварсан. Хүн нэг удаа цусаа өгөхөд гурван хүний амь аварлаа гэж үздэг. Нийт 129 удаа цусаа өгсөн байна. Хүн цусаа өгөхөд биед их ашиг тустай байдаг. Даралт тогтворжиж цусны эргэлт сайжирна. Тиймээс би залуусыг цусаа өгч байгаарай гэж уриалмаар байна. Би одоо 60 гаруй настай. Донорууд 60 нас хүрээд цусаа өгөхөө больдог. Цус өгөхөө болихоор даралт ихсэхээс эхлээд эрүүл мэндийн жижиг сажиг асуудалтай тулгардаг юм байна.

-Та хэчнээн хүүхэд төрүүлж өсгөсөн бэ, залуудаа ямар ажил эрхэлж байв?

Эгч нь хоёр хүүхэдтэй. Тогооч, чанар шалгагч гээд олон л ажил хийж явлаа. Мөн их сургуульд ажиллаж байлаа. Бидний үед цаг амгалан сэтгэл тайван байж дээ. Одоо цаг үе амаргүй болсон байна. Тэтгэврийн хэдэн төгрөгт ч амьдралд хүрэлцэхэд хэцүүхэн л байна. Би нэгэнт л донор болсон болохоор энэ сайн дурын ажлаасаа хөндийрч чадахгүй л явна.

-Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороонд амьдардаг гэлээ. Тэр холоос Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо хүртэл явахад амаргүй байх. Тэгээд сайн дурын ажилтан гэхээр цалин авдаггүй байх?

-Хүмүүс тэтгэвэрт гарсан гээд гэртээ суух ёстой гэж боддог байх. Би бол явж байвал ажиллаж байх дуртай. Хэдийгээр хол зам туулдаг ч гэсэн өглөө эрт босоод л ажилдаа яарч ирдэг. Сайн дурын ажил гээд цааргалж байгаагүй. Би энэ сайн дурын ажилдаа дуртай.

Уур амьсгалын өөрчлөлтийг гэрэл зургаар харуулсан үзэсгэлэн нээгдлээ
Уур амьсгалын өөрчлөлтийг гэрэл зургаар харуулсан үзэсгэлэн нээгдлээ
 
Маргааш өглөө амьд л байгаасай
Маргааш өглөө амьд л байгаасай
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.