Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 10 сарын байдлаар нийт 31,320 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 10,300 нь буюу 32.8 хувийг зөвхөн залилах гэмт хэрэг эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 97.3 хувиар өссөн үзүүлэлт юм.
Нийт бүртгэгдсэн залилах гэмт хэргээс 8,056 нь буюу 88.2 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байгаа юм.
Бид энэ төрлийн гэмт хэргийг судалж үзэхэд, иргэд санхүүгийн болон цахим хэрэглээний мэдлэг дутмаг, гэнэн итгэмтгий байдлаас шалтгаалан гэмт этгээдэд мөнгө шилжүүлж залилуулж хохирсон тохиолдол хамгийн их байна.
Иргэд амар хялбар аргаар мөнгө олох бодлоор хандаж, мөнгөө өгөх төдий л тэр нь өдөр өдрөөр өсөх юм шиг санаж байна. Гэтэл ийм төрлийн гэмт хэрэг нь бусдын мөнгийг авч, арилжаанд оруулан тэр мөнгөнөөсөө тодорхой хэмжээний мөнгийг хэсэг хугацааны дараа өгөөд байгаа мэт боловч тухайн ашиг нь бусдын мөнгө гэж харж болохоор зүйл.
Тухайлбал, гурван хүн элсэн орлоо гэхэд гурав дахь хүнийх нь оруулсан мөнгөний тодорхой хувийг эхнийх нь хүн авах шатлалаар үйлдэгддэг. Тиймээс иргэд амар хялбар аргаар мөнгө өсгөж өгнө гэсэн үйлдэлд хэзээ ч итгэж болохгүй гэдгийг сануулъя.