Наймдугаар анги төгссөн зунаа Э ээж болох гэж буйгаа мэдэрчээ. Тэрбээр хөдөөгийн нэгэн суманд дунд ангиа дүүргээд ахлах ангидаа хотод ирж суралцахаар төлөвлөжээ. Учир нь түүний ээж аав Улаанбаатар хотод амьдардаг аж. Ганц бие эмээдээ хань бараа болж хөдөө амьдарсан тэрбээр эцэст нь ганц бие ээж болов. Түүний ээж бага насны хоёр хүүхэдтэй, аав нь Э охиныг жаахан байхад нь бурхны оронд одсон гээд ар гэрийн амьдрал ч тийм тэгш биш. Охиноо жирэмсэн болсныг мэдээд ээж нь аргагүйн эрхэнд жилийн чөлөө авчээ. Э шиг өсвөр насандаа ээж болж буй охид манай улсад цөөн биш. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар Монгол Улсад өсвөр насны охидын төрөлтийн түвшин Зүүн Азийн орнуудаас гурав дахин их байгаа аж.
Мөн 20 хүртэлх насны охидын үр хөндөлт 6,4 хувиар өссөн тухай сэтгэл хөндүүрлэм статистикийг Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгээс дэлгэлээ. Өсвөр насныхны жирэмслэлт нэмэгдэж, гэр бүлийн байдал тогтворгүй салалт ихэссэн өнөө үед Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийнхний хийж хэрэгжүүлж буй ажлууд нийгэмд үр өгөөжөө өгч байна. Тус байгууллагынхан залуу хосуудад гэр бүл төлөвлөлтийн талаар зөвлөгөө өгөхөөс гадна эмэгтэйчүүдийн эмнэлэг ажиллуулж, хөнгөлөлттэй үнээр залуус үйлчилж байна.
Түүнчлэн өсвөр үеийнхэнд зориулан үе тэнгийн сургагч багш нарыг бэлтгэж, ерөнхий боловсролын сургуулиудад бэлгийн боловсролын талаар мэдлэг, мэдээлэл хүргэж буйгаа сайн дурын байгууллагуудаас онцлог юм. Үе тэнгийн сургагч багш нар одоогоор 27 мянган хүүхдэд бэлгийн боловсролын талаар мэдлэг олгожээ.
Бид тус байгууллагын хөтөлбөрийн менежер хүний их эмч Ч.Сэлэнгэтэй уулзсан юм. Тэрбээр “Бид аль болох олон хүүхдэд бэлгийн боловсролын талаар мэдлэг, мэдээлэл хүргэхийг зорьдог. Томчууд гэхээсээ илүү өсвөр насныхан үе тэнгийнхнийхээ үгийг илүү сайн сонсдог. Тиймээс бид үе тэнгийн сургагч багш нарыг бэлтгэсэн. Манай улсад өсвөр насандаа ээж болох үзэгдэл байсаар байна. Иймд бид өсвөр насныханд бэлгийн замын халдварт өвчнөөс хамгаалахын тулд бэлгэвчийг зөв хэрэглэж хэвших, мөн жирэмслэлтээс сэргийлэх хэрэгтэйг байнга зөвлөдөг. Манай гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг хөдөө орон нутгийн хүүхдэд ч хүрч ажиллахыг зорьж, хэд хэдэн аймагт салбараа байгуулсан. Энэ салбар төвүүдээрээ дамжуулаад өсвөр насныханд бэлгийн боловсрол олгодог. Охид эмийн сангаас дур мэдэн эм авч уудаг энэ бол маш буруу үйлдэл. Жирэмслэлтээс хамгаалах 72 цагийн эм гэж бий. Үүнийг дур мэдэн ууж хэрхэвч болохгүй. Учир нь энэ эм маш хүчтэй. Эмэгтэйчүүдийн жирэмслэлтээс хамгаалах сар уудаг эмийг л ганц уух өндөр тунгаар үйлдвэрлэсэн гэж ойлгож болно. Тиймээс энэ эмийг хэрэглэвэл савны хорт хавдар үүсгэж болзошгүй тул охид хэрэглэж болохгүй гэж зөвлөмөөр байна” хэмээн ярилаа. Тус байгууллагын хамт олон зөвхөн өсвөр насныхан гэлтгүй цэцэрлэгийн насныханд зориулсан бяцхан эмч төсөл хэрэгжүүлж буй юм. Энэхүү төслийн хүрээнд зургаан аймгийн долоон цэцэрлэг дээр бяцхан эмч нарыг бэлтгэж шүдний эрүүл мэндийн талаар мэдээлэл хүргэжээ.
Өсвөр үеийнхэн бэлгийн боловсролын талаар мэдээлэл авахыг хүсвэл гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгт хандаж болно. Тэд бол өсвөр насныхны хамгийн сайн туслагчид юм.
Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг өдгөө 30 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд нийгэм рүү чиглэсэн олон ажлуудыг хийж хэрэгжүүлжээ.
Тухайлбал, Өсвөрийн эмч төслийн хүрээнд ерөнхий боловсролын 10 мянга гаруй сургуулийн дунд, ахлах ангийнханд бэлгийн боловсрол, нөхөн үржихгүй эрүүл мэндийн талаар мэдлэг олгосон байна.
Бяцхан эмч төслийн хүрээнд цэцэрлэгийн насны 1000 гаруй хүүхдэд эрүүл мэндийн зөв дадлыг талаар хичээл оржээ.
Явуулын тусламж үйлчилгээ төслийн хүрээнд Жил бүр 17 аймгийн алслагдсан сумдын 25000-30000 иргэнд үзлэг шинжилгээ хийж үйлчилжээ. Мөн уг төслийн хүрээнд аймгуудын эрүүл мэндийн газартай хамтран ажиллаж 160 гаруй мянган нөхөн үржихүй насны эмэгтэйг жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгслээр хангасан байна.
Бэлгийн боловсрол олгох төвийн төслийг эхлүүлэх бэлтгэл ажлаа хангаад байгаа бөгөөд ирэх долдугаар сар гэхэд нээлтээ хийхээр төлөвлөж байна. Энэхүү төвөөр залуус болон өсвөр насныхан үйлчлүүлэх бүрэн боломж нээгдэх юм.