Өмнийн бүс дэх уул уурхайн томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг эрчим хүчээр хангаж, хэрэгжүүлэх дотоодын эх үүсвэрийн нэг нь Тавантолгойн ДЦС юм. 450 мегаватт (МВт)-ын хүчин чадалтай тус станцыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагаа үргэлжилж буйг ЭХЯ-наас мэдээллээ. Засгийн газар тус станцыг барихад шаардлагатай 808.2 сая ам.долларын санхүүжилтийн 30 хувийг хувьцаа эзэмшүүлэх замаар “Эрдэнэс Тавантолгой”компаниас, 70 хувийг нь, Засгийн газрын баталгаа гарган зээлийн хөрөнгөөр барихаар 2 жилийн өмнө шийдвэрлэсэн. Энэ хугацаанд хэд хэдэн удаагийн тендер зарласан боловч өнөөдрийг хүртэл гүйцэтгэгчийг шалгаруулаагүй ирсэн юм. Тиймээс тус станцын гүйцэтгэгч шалгарсан эсэхийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэхээс тодруулахад, “2009 оноос эхлэн хувийн хэвшлийн компани барьж ашиглалтад оруулахаар ажилласан боловч гэрээний үүргээ биелүүлж чадаагүй ирсэн”-ийг тодотгож байна.
Тиймээс 2020 оноос төр өөрөө санхүүжүүлэхээр шийдвэрлэж, үүний дагуу бэлтгэл ажлыг хангаж буйг хэллээ. Санхүүжилт нь төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ДЦС-ын 30 хувийг эзэмших байдлаар хувьцааг нь авч гаргах, үлдэх 70 хувийг Засгийн газрын баталгаатай зээл авч станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх байдал хэвээр гэдгийг хэлж, дээрх зарчмын хүрээнд бэлтгэл ажлыг хангасныг хэлж байна. Тус станц ашиглалтад орсноор жилд 34.5 сая ам.долларын татвар хураамжийг улсад төвлөрүүлж, говийн бүсийн стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болохыг онцолж байна. Мөн Оюутолгойн уурхайн эрчим хүчний хэрэглээний 120 сая ам.долларыг дотооддоо үлдээн тус уурхайн ордыг эрчим хүчээр найдвартай, бүрэн хангах юм. Барилга угсралтын ажилд давхардсан тоогоор 2 мянга, ашиглалтад орсноор байнгын 300 гаруй ажлын байр бий болох юм.