“Time” сэтгүүл Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон Украины оюун санааг "Оны хүн"-ээр тодруулжээ.
Үүнээс өмнө Зеленскийг Их Британийн “Financial Times”, "Politico" зэрэг хэвлэлүүд Оны хүн, Европын хамгийн нөлөө бүхий хүнээр тодруулсан. Гэсэн хэдий ч АНУ-ын “Time” сэтгүүлийн шийдвэрийг дэлхийн хэвлэлүүд онцлон мэдээлж, дэлхий дахинд өргөн хэлэлцүүлэг өрнүүлдэг билээ.
Владимир Зеленский болон Украины оюун санаа эр зориг, айдсын нэгэн адил халдвартай гэдгийг баталж, эрх чөлөөний төлөө улс орон, ард түмнүүдийг нэгтгэн босгож, ардчилал, энх тайван ямар хэврэг болохыг сануулсны төлөө энэ шийдвэрийг гаргалаа гэж “Time” сэтгүүл онцолжээ.
Энэ жил Оны хүнийг тодруулахад хамгийн хялбар байлаа. Украины төлөөх тулаан хэн нэгэнд итгэл найдвар өгсөн бол хэн нэгэнд айдас төрүүлж байна. Ямартаа ч Владимир Зеленский дэлхий ертөнцийг донсолгосон. Сүүлийн хэдэн арван жил хэн ч түүн шиг дэлхийг ингэж донсолгоогүй гэжээ. “Хоёрдугаар сарын 24-нд Орос бөмбөгдөж эхэлснээс хойш түүний Киевт үлдэх, дэлхий дахиныг Украины талд босгох шийдвэр нь туйлын шийдэмгий байв. Инстаграм дахь түүний 40 секундийн постоос авхуулаад дэлхийн улс орнуудын парламент, Дэлхийн банк, Грэммигийн шагнал гардуулах ёслол зэрэг томоохон арга хэмжээнүүдэд цахимаар хэлсэн үг. Украины Ерөнхийлөгч хаа сайгүй байсан. Үүгээрээ тэрбээр геополитикийн уур амьсгалыг өөрчилж, дэлхий дахиныг нөмөрсөн үйлдлийн давлагааг эхлүүлсэн” гэж “Time” дурджээ.
“Time” сэтгүүл 1927 оноос хойш Оны хүнийг тодруулж байгаа юм.