Их Британийн Засгийн газрын “Satellite Applications Catapult” инновацийн төвийн сансрын зайнаас тандан судлалын мэргэжилтэн Б.Маралын ярилцлагыг хүргэж байна.
Тэрээр 2021 онд Их Британийн шилдэг арван залуу судлаачийн нэгээр шалгарсан бөгөөд Оксфордын их сургуульд докторын зэргээ хамгаалж байгаа юм. Тэрээр докторын судалгааны ажлаараа дамжуулан дэлхий дээр ямар ч хяналтгүй байгаа уул уурхайн даланг сансраас хянаж, эрт сэрэмжлүүлэх системийг бий болгох чиглэлээр ажиллаж байгаа ажээ.
Б.Марал ярианы төгсгөлд хариуцсан төслүүдээ амжилттай дуусгаж, докторын зэргээ хамгаалсны дараа яруу найрагч Д.Нацагдоржийн хэлснээр “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдмийг өвөрлөн ирэх болно оо" хэмээн хэлсэн юм. Ингээд ярилцлагаа хүргэж байна.
-Та бага насаа хаана өнгөрөөсөн бэ.Таны бага насны дурсамжаас нь яриагаа эхэлцгээе?
-Би эх орондоо 12 нас хүртлээ амьдарсан. 2004 онд ээжийн хамт Герман улсыг зорьсон. Тухайн үед ээж магистрын зэргээ Германд хамгаалахаар явсан юм. Ээж надад хандан, “Би айлын бусад аав, ээж нар шиг гадаад руу чамайг сургах гэж явуулж чадахгүй байх, гэхдээ хэрэв би тэтгэлгээр гадаадад сурахаар болбол заавал охиноо аваад явах болно. Хэцүү байх ч, хоёулаа юм чинь болгоно доо” хэмээн зориглоод намайг авч явж байлаа. Хэлсэн ёсоор, нөгөө жинхэнэ бор зүрхээрээ, хамаг хүчээ дайчлан байж ээж бид 2 амьдралаа болгосон доо.
Багадаа зураг зурах, гадаад хэл сурах дуртай хүүхэд байсан. Харин өсвөр насандаа илүү гүн ухаан, филисофид дурласан. Английн Бристолын их сургуулийг шинжлэх ухаан, геологийн мэргэжлээр төгсөж байв. Энэ мэргэжлийг сонгоход Монголын говиор эмээгээ даган хээрийн судалгаанд явж байсан нь ихэд нөлөөлсөн.
-Та Их Британийн Засгийн газрын “Satellite Applications Catapult” буюу Инновацийн төвд ажиллаад хэдэн жил болж байна вэ. Анх энэ ажилд хэрхэн орж байсан бэ?
-Би энэ байгууллагад сүүлийн тав гаруй жил ажиллаж байна. Одоогоор докторын зэрэг хамгаалахаар Оксфордын их сургуульд ажиллахын зэрэгцээ суралцаж, эрдмийн ажлаа хийж байна. “Airbus” компанид ажиллаж байхдаа ажлын журмаар эрдэм шинжилгээний хуралд их оролцоно. Нэг удаа хуралд оролцож байхад илтгэгч нь яг миний ажиллаж байгаа техникийн талаар ярьж байсан. Гэвч тэрээр тухайн техникийн талаар алдаатай зүйлсийг ярьсанд нь би өөрийн саналаа хэлж, тухайн техникийн талаарх туршлагаа хуваалцсан юм. Ингээд хурал дуусаж, оройн хүндэтгэлийн зоогийн арга хэмжээнд оролцож байх үед хурлын дарга над дээр ирж “Өнөөдрийн явдалд баярлалаа. Хурлыг тун сонирхолтой болгож өглөө. Манай “Satellite Applications Catapult”-ийг сонирхож үзээрэй, манай багт таны орон зай байгаа юм шүү” хэмээн хэлсэн юм. Ингээд 2017 оноос ажиллаж эхэлсэн дээ.
Дээр дурьдсанчлан, би үндсэн ажлаа эрдмийн ажилтай хослуулж байна. Энэ нь тийм ч амар биш шүү. Учир нь сансрын зайны тандан судлалын энэ чухал ажилд оюун санааны төвлөрөл, цаг хугацаа, шинийг эрэлхийлсэн шинэ, шинэлэг санаа их чухал байдаг. Тэгээд ч энэ нь өөрөө шинэ салбар сүүлийн 15 жилд эрчимтэй хөгжиж байна. Манай байгууллагын нэгэн зорилго нь хувийн хэвшил болон их сургууль хоорондын харилцаа, холбоо хамтын ажиллагааг дээдлэхэд оршдог тул намайг энэ хоёрыг хооронд нь холбож, гүүр болж чадна гэдэгт итгэсэнд туйлын их баярладаг. Ингэж л “Caputalt”-ийн ажлаа Оксфордын докторын ажилтай уялдуулсан.
-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ. Ямар судалгааг голчлон хийдэг вэ?
-Янз бүр байдаг. Сүүлийн хэдэн сар “rowing” буюу Оксфорд, Кембриджийн их сургуулиуд хоорондоо их өрсөлддөг завин спортоор хичээллэж байгаа. Өглөө 05 цаг 30 минутад босож, дасгал сургуулилт хийгээд 08 цаг 30 минутад эргээд гэртээ ирдэг. Энэ мэтээр өглөөний цагийг хамгийн хэцүү ажилдаа зарцуулахыг хүсдэг. Учир нь энэ үед би хамгийн их энерги, эрч хүчтэй байдаг. Мөн судалгааны ажлаа эртхэн хийхийг хичээдэг. Харин өдрийн ихэнх цагаа код бичихэд зарцуулдаг. Маш их код бичнэ. Бусад салбарт тулгамдаж байгаа асуудалд сансрын технологиор шийдэл гаргаж болох эсэхийг судалж, янз бүрийн туршилт хийх зорилгоор код бичдэг. Үдээс хойш уулзалтууд болон арай хялбар ажлуудаа гүйцэтгэдэг. Оройн цагаар дуртай бусад зүйлсээ хийхээс гадна ном уншиж суух дуртай. Амралтын өдрүүдээр найз нөхөдтэйгөө цагийг хамт өнгөрөөх дуртай.
-Олон зүйлийг амжуулдаг байх нь. Би таныг Их Британийн хамгийн чадварлаг залуу 10 судлаачийн тоонд шалгарсан талаар сонсож байсан. Энэ тухай танаас одоо асуумаар санагдаж байна. Тэр олон хүн дундаас шалгарна гэдэг их л амаргүй болов уу?
-Нэгдсэн вант улсын Хунтайж Альбертын нэрэмжит Эрхэм дээдсийн сангаас дэлхийн хэмжээний томоохон судалгааг хийхээр зорьж буй залуу судлаачдад олгох тэтгэлгийг Англи даяар зарласан юм. Миний хийж буй судалгаа бол хиймэл дагуулаас авсан өгөгдлийг хиймэл оюун ухаантай хослуулан уул уурхайн хаягдлын далан гэх мэт томоохон дэд бүтэц нуран унахаас сэргийлэх, сэрэмжлүүлэх системийг боловсруулах юм. Ингэснээр дэлхийд тулгамдаж байгаа томоохон асуудлын нэгийг шийдэх юм. Энэхүү судалгааны санаа намайг шилдэг арван судлаачийн нэг болгож, цаашлаад Оксфордын их сургуульд докторын зэрэг хамгаалахаар суралцах урилгад хөтөлсөн. Энэ нь миний амьдралд тохиолдсон хамгийн азтай, аз жаргалтай мөчүүдийн нэг байсан.
-Одоогоор та юунд хамгийн их төвлөрч ажиллаж байгаа вэ?
-Одоо докторын ажилдаа гүн төвлөрч ажиллаж байна. Энэ ажилд гурван өөр салбарыг нэгтгэх шаардлагатай. Тухайлбал, сансрын зайны тандан судалгаа, хиймэл оюун ухаан ба технологийн салбар. Энэ гурван салбарыг нэгтгэж, өгөгдлийн боловсруулалт хийснээр сэрэмжлүүлэх системийг бий болгох боломжтой. Уул уурхайн хортой, аюултай хог хаягдлууд хаягдлын даланд байршдаг. Дэлхий дээр 35000 гаруй далан бий. Үүний 8000 орчимд нь ямар нэгэн хяналт байдаггүй. Хэрэв тухайн далан нурвал ойр орчмын хүн ам, байгаль орчин улмаар улс орны эдийн засагт их хэмжээний хохирол учруулах эрсдэлтэй. Энэхүү судалгааны үр дүнд дэлхий дээр ямар ч хяналтгүй байгаа эдгээр даланг сансраас хянаж, эрт сэрэмжлүүлэх системийг бий болгосноор урьдчилан мэдэж, сүйрлийн эсрэг арга хэмжээг цаг алдалгүй авах боломжийг бий болгохоор ажиллаж байна.
-Тантай ярилцаж суухад маш хөгжилтэй, дотно найзтайгаа ярьж байгаа шиг л сайхан мэдрэмж төрж байна шүү..
-Тийм үү. Ихэнх хүмүүс академик хурал эсвэл албан ярилцлага дээр албаны өнгө төрхтэй ярихыг илүүд үздэг байх. Харин миний хувьд чөлөөтэй, өөрийнхөөрөө байхыг эрмэлздэг. Аливаа нийгэмд тогтсон хэв шинж хандлага байдаг. Заримдаа энэ нь надад нэг их таалагддаггүй. Хурал зөвлөгөөн эсвэл академик уулзалтын үеэр ихэнх хүмүүс хүйтэн, хөндий эсвэл албаны байх ёстой гэж үү. Зүгээр л хоорондоо найрсаг харилцаж, хурал зөвлөгөөнийг инээмсэглэн явуулж болмоор санагддаг. Хүн бүхэн нэг л амьдарч, зарим хүмүүстэй анх удаагаа хурал зөвлөгөөн дээр тааралддаг байхад хэт албархаад яах вэ. Чөлөөтэй боловч хүндлэлтэй харилцвал ажил урагштай байж, шинэ санаа ихээр төрж, хүмүүс хоорондын үл ойлголцол арилдаг гэж санагддаг.
-Таны ажлын онцлох арга барил, цаг хэмнэх арга юу вэ, ямар зарчмыг баримтлан ажилладаг вэ?
-Би ажлаа хуанли дээр төлөвлөж, өнгөөр хуваарилдаг. Заримдаа хүн их ажилласан мөртлөө чухал зүйлсээ хийгээгүй байдаг тул яг гол зорьсон ажлаа хийсэн цаг бүрийг тухайн өдөрт нь тэмдэглэж үлдээдэг. Ингэснээр тухайн сар хамгийн чухал гэсэн ажлуудад хэр их цаг гаргаж чадсан үгүйг хэмжих арга барилтай болдог. Гэхдээ би одоогийн ажиллаж байгаа арга барилыг янз бүрээр туршиж байж бий болгосон. Зарим хүмүүс анхнаасаа л сахилга бат сайтай байдаг байх. Харин би их сахилгагүй хүүхэд байсан. Иймээс өөрийгөө сууж сургах, анхаарлаа гүн төвлөрүүлэх зэрэгт сургасан. Энэ талаар олон янзын ном уншиж, олон ч цагийг зарцуулсан. Одоо бол дадал болсон.
Б.Марал Гүнж Анн-д сансраас хэрхэн тандалт хийдэг талаар танилцуулж байна/ © Royal Commission for the Exhibition of 1851 /
-Манай нийгэмд өнөөдөр залуус зорилго, мөрөөдөлгүй л бол хэн ч биш, ялагдагч гэх хандлага түгээмэл болсон байна. Та үүнтэй санал нийлэх үү. Ер нь залуус амьдралдаа юуг ойлгож, санаж яваасай гэж хүсдэг вэ?
-Хүн мөрөөдөлтэй байх маш чухал. Магадгүй залуу хүмүүст тодорхой зорилго эсвэл мөрөөдөл бүрэлдээгүй байж болох ч заавал зав гарган дуртай зүйлсээ хийхийг эрмэлзэх хэрэгтэй. Огтхон ч зүгээр сууж болохгүй. Зарим хүн мөрөөдлийн ажлаа юу ч хийхгүй хүлээгээд л суугаад байдаг. Гэтэл яг үнэндээ тэр мөрөөдлийн ажил олдох үед тэр ажилд сонгогдоход бэлэн үү? Тэр ажлаа хийх ур чадвар байгаа юу? Үгүй бол яах вэ?
Хамгийн гол нь энэ нийгэмд өөрийн ур чадвараар ямар үнэ цэнийг бий болгохыг хүсэж байгаагаа ойлгох нь чухал. Иймээс юу ч хийхгүй зүгээр сууснаас, юу ч хамаагүй сонирхсон л бол тэр зүйлээ хийгээд явж байхад, aяндаа зорилго, мөрөөдөлтэйгөө холбогдох болно.
Би оюутан байхдаа амралтаараа заримдаа зоогийн газар зөөгч хийдэг байсан. Харин одоо Их Британийн хатан хааны xүндэт зочдын нэг болж, оройн зоогт уригдан ажлаа танилцуулж, ярилцаж суух боломж олдсон. Ингээд харахад, бид бүгд хүн, бие биетэйгээ ингэж л харьцах хэрэгтэй.
-Карьертэй холбоотой таны бодол?
-Залуус ихэвчлэн “Яг одоо би юу хийх вэ, яах учраа мэдэхгүй байна” гэж ярьдаг. Харин миний бодлоор бол бараг юу ч хамаагүй хий, оролдоод үз. Ихэнх зүйлсийг хийсвэр бодлоор бий болгож, өөрийн биеэр туулж үзэж байж ойлгодог.
-Таны хувьд энэхүү ярилцлагыг унших залууст, дүү нартаа хандаж захиж хэлэх зүйл юу байна вэ. Өмнө эртхэн үүнийг мэдсэн бол эсвэл хэн нэг хүн эртхэн энэ тухай хэлсэн бол гэж боддог зүйл байдаг уу?
-Өөрийгөө сайн ажиглаж, сонсож сурах хэрэгтэй юм болов уу. Хүн бүхэнд дотор хүн байдаг. Үүнийгээ сайн ажиглаж, сурах нь чухал. Тухайлбал, манай Монголчуудын сүү өргөдөг үйл бий. Хүн хүссэн зүйлээ шивнэж, сүү өргөхдөө сүүндээ гол нь биш шивнэж байх явцдаа өөрийгөө сонсож, далд хүслээ ойлгодог. Өөрийн юу хүсэж байгааг сайн таних нь томоохон эрч хүчний эх үүсвэр гэж боддог. Иймээс би заримдаа найзууддаа хандан “Сүү өргөөд үзээч, өөрийгөө чиглүүлээд үзээрэй” гэж тоглоомоор хэлдэг.
“Knowing what you want and self awareness is power - Юу хүсэж байгаагаа мэдэж, өөрийгөө танин мэдэх нь эрч хүч юм”
-Та цаашдын зорилгоосоо бидэнтэй хуваалцаж болох уу?
-Миний ойрын зорилго бол докторын зэргээ амжилттай горилж, төслүүдээ амжилттай дуусгахад оршиж байна. Харин урт хугацааны зорилго бол эх орондоо очиж ажиллаж, амьдрахыг хүсэж байна. Би олон жил гэрээсээ хол байлаа. Аугаа яруу найрагч Д.Нацагдорж “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдмийг өвөрлөн ирнэ” хэмээн шүлэглэсэн байдгийн адил элгэн нутагтаа буцахдаа өндөр технологи бүхий судалгаа шинжилгээний ажлыг хийж, дэлхийн шилдэг их сургууль, инновацийн төвд ажиллаж байгаа учир мэдлэг туршлагаа эх орондоо нутагшуулах хүсэл эрмэлзэлтэй явдаг.
© University of Oxford